Monday, March 5, 2012

Төрөлх Монгол зан


            Олон зууны туршид тухайн ард түмний оршин амьдарч ирсэн байгаль – нийгмийн орчин, аж төрөх ёсны хэв маяг, түүх, соёл, ёс заншил, шашин шүтлэгтэй холбоотойгоор аяндаа бүрэлдэн төлөвшсөн хүн хүнтэйгээ болон эд юмстай харилцах явцад илэрдэг сэтгэл зүйн харьцангуй тогтвортой шинж чанарууд хуран цогцолсныг зохиогч “зан” хэмээн төсөөлж байна. “Төрөлх Монгол зан” хэмээн томъёолсон энэ хэсэгт бид монголчуудын баримталж ирсэн ёс заншлыг ч биш, юуг сайн, юуг муу гэж үзэх ёс суртахууны хэм хэмжээг ч биш, харин манай ард түмний нэгэн зүйл нэрийн хуудас болсон сэтгэл зүйн нийтлэг, тогтвортой чанарыг товч боловч хөндөхийг оролдлоо. Гэхдээ “зан” гэдэг ухагдахууныг ёс суртахуун, ёс заншлаас туйлын ангид зүйл гэж үзэхгүй байгаагаар барахгүй тэдгээр нь маш гүнзгий харилцан уялдаатай зарим тохиолдолд бие биеэс эрс тэс зааглан салгахад төвөгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Гагцхүү монгол зан гэж онцолж байгаагийн учир нь тэдгээр адил төсөөтэй, харилцан холбоотой ухагдахуунаас түүх, угсаатны зүй, соёл судлалд төдийлөн анхаарч хөнддөггүй “монгол зан”-г ялган гаргаж түүнийг өөрийн төсөөлж буй хэм хэмжээгээр бяцхан дэлгэрүүлэхийг хичээсэнд оршино.
            Олон зуу, мянган жилийн турш хүмүүс нүүдлийн мал аж ахуй эрхлэн сийрэг тархай, тэгсэн атлаа харилцан нягт хэлхээ холбоотой амьдарч ирсэн аж төрөх ёсны тэр хэв маягаас үүдэлтэй сэтгэл зүйн олон шинж чанар монгол хүний мах цусанд шингэж төлөвшсөн байдаг бөгөөд тэр нь монгол зан юм. Бие биетэйгээ туйлын нөхөрсөг, элэгсэг дотно харилцдаг нь төрөлх монгол зангийн гол шинж чанар мөн. Монгол хүн л бол таних танихгүйгээс үл шалтгаалан ах дүүгийн адилаар үзэж, “монгол ах дүү нар” гэсэн зарчмаар харилцана. XIII зуунд Монголд ирж дараа нь “Монголчуудын түүх” хэмээх ном бичсэн Италийн элч Плано Карпини тэр үеийн монгол хүмүүсийн зан байдлын талаар олон сонирхолтой мэдээ үлдээсэн байдаг. Түүний бичсэн нь: “тэд хоорондоо маргаж хэрэлдэх гэж бараг л үгүй. Зодолдох, өөр хоорондоо дайсагналцах, муудалцах, бие биеэ алах, шархдуулах явдал гарна гэж огт байхгүй. Мөн тэд үнэт зүйл дээрэмдэх, хулгай хийх гэж байхгүй тул эд агуурсаа хураасан гэр орон, тэрэг бараагаа түгжих цоожлохыг үл мэднэ. Ямар нэгэн мал алдаж гэмээ нь тэр алдуул малтай дайралдсан хэн боловч нэг бол ийм мал алдуулах албатай тусгай хүмүүст тууж аваачих буюу үгүй бол зүгээр орхин явна” гэжээ. (Плано Карпини 1988, 22)
            Монголчуудын энэ ахан дүүсэг дотно харилцаа “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, “Гал ойрын хасаг халуун” гэсэн ардын зүйр цэцэн үгэнд тусгалаа олжээ. Плано Карпинийн хэлсэн тэр чанар хөдөөгийн малчдын дунд одоо хүртэл хэвээрээ уламжлагдсаар байна. Яруу найрагч Ц.Чимиддорж “Малчин” гэдэг шүлэгтээ:
            “Давхиад буухад цоожгүй айл
            Малчин танайх
            Даянд ганцхан цуургагүй сэтгэл
            Малчин таных”
гэж бичсэн байдаг. Нүүдэл иргэншлийн нөхцөлд үүнээс өөр байхын ч аргагүй юм. Нүүдэлчид бол байгалийн хүнд нөхцөлд өөрөөс үл шалтгаалах олон хүчин зүйлийн эрхшээлд амьдарч, аж төрөх учраас зөвхөн бие биедээ ах дүүгийн ёсоор хандаж, хамтран ажиллаж, харилцан туслалцаж байж сая амьдралын хатуу ширүүнийг даван туулж чадна. “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэсэн монгол ардын цэцэн үг нь хэрэг дээрээ энэ тухай өгүүлжээ.
            Бие биетэйгээ элэгсэг дотно, ах дүүсэг харьцдаг монгол зан зүгээр нэг тунхаглал, эсвэл хоосон магтаал биш, хүн ардын сэтгэл зүрхэнд шингэсэн амьдралын зөрчишгүй хууль байдгийн тод илрэл нь монголчуудыг дэлхийд алдаршуулсан зочломтгой чанар юм. Плано Карпинигийн дээрх зохиолд монголчууд “…хоол хүнсээр дутмаг байсан ч юу байгаагаа хармын сэтгэлгүй хуваагаад идчихдэг” гэж гардаг (мөн тэнд) “өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэж ярилцдаг нь ч үүнтэй холбоотой биз. Хол ойроос яваа хүнийг хүндэлж угтаагүй, цай хоол хийж зочлоогүй, ажил явдалд нь чин сэтгэлээсээ туслаагүй хүнийг “тэр яасан монголоо алдсан амьтан бэ?” гэж жигшин ярьдаг. Нүүдэлчин ард түмэнд алдсан адуу малаа эрэх, өвс ногоотой, өнтэй сайхан нутаг усыг хайж сурвалжилахаас эхлээд аян жих тээх, эргэл мөргөл үйлдэх зэрэг олон шалтгаанаар гэр орноосоо алс хол явах шаардлага байнга тохиолдоно. Тэр бүхэнд хоол хүнс, байр сууц, ор дэвсгэр базааж явах ямар ч шаардлага байхгүй, тийм бололцоо ч байхгүй, зөвхөн аяга, хутга, савх, гаанс тамхиа аваад л явахад хангалттай. Бусдыг нь хаа явсан газрынхаа монгол ах дүү нараас ямар ч хүсэлт, гуйлт, үнэ төлбөргүй хэрэглэдэг. Үүнийг хүмүүсийн харилцааны хамгийн ерийн хэм хэмжээ гэж үздэг учраас саяхан болтол айлд цай ууж, хоол идэж, унтаж амарсныхаа төлөө “баярлалаа, гялайлаа” гэж юм бүхэн дээр нахилзаж бөхөлздөггүй байжээ. Харин онцгой ховор тус болсон хүнийг “буян чинь дэлгэрэг” гэж ерөөдөг байв. Харин гэрийн эзэн хүндэтгэн зочилж байхад нь өөрийн гэрт байгаа юм шиг тухлахгүй, нэрэлхэж цэрвэсэн хүнийг монголчууд төдийлөн боловсонд тооцохгүй. “Нэрэлхээд нэрээ иддэггүй, хариад гэрээ иддэггүй” гэж зэмлэнгүй ханддаг нь бас л монгол зангийн нэгэн зүйл хураангүй дүрэм юм. Монгол зангийн ийм чанарыг гадаадынхан тэр бүр ойлгодоггүй. 1910-аад онд монголын нутгаар хөндлөн гулд аялсан бөгөөд монголчуудын ахуй соёлын нэлээд зүйлд шүүмжлэлтэй ханддаг байсан Оросын нэрт шинжээч, академич И.Майский өөрт тохиолдсон нэгэн бяцхан түүхийг дурссан байдаг. Нийслэл хүрээнээс Эрдэнэ зуу орохоор явах замдаа мөн тийшээ яваа эхнэр, нөхөр хоёр монголтой тааралдаж гэнэ. Ажиглавал тэр хоёр морьтон ямар ч ачаа тээшгүй явааг хараад Майский: “Та нар чинь 400 гаруй км-ийн цаана байгаа Эрдэнэ зуу орно гэх, тэгсэн атлаа идэж уух юм, тогоо шанага, толгой халхлах юу ч үгүй байдаг. Яагаад ингэж хөнгөн явж байгаа юм бэ?” гэж гайхан асууж. Цаад хоёр нь ч бас академичийн асуултад ихэд гайхаж, “Үгүй энэ чинь замын дагуу айл амьтан мундахгүй шүү дээ” гэж хариулжээ. (И.М.Майский 1959. 51-52) Хоёр өөр ахуй, хоёр өөр соёлын төлөөлөгчид тийнхүү гайхацгаасан нь зүйн хэрэг биз.
            Нүүдэлчдийн амьдрал, аж төрөх ёс нь нэгэн удаагийн ашиг хонжоонд биш, байнгын харилцан туслалцах хамтын ажиллагаанд үндэслэсэн учраас “Эр хүний замын хүзүү урт”, “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Монгол зангийн энэ онцлог эртний сурвалж бичгүүд, ардын аман зохиол, зүйр цэцэн үгэнд өргөн тусгагджээ. “Монголын нууц товчоонд” өгүүлдэгээр залуу Тэмүүжин найман шарга морио тайчуудад алдчихаад нэхэж явахдаа гэрийнхээ гадаа гүү сааж байсан үл таних залуутай тааралдаж, үнэн учраа хэлэхэд цаад залуу нь шууд ажил үүрэгээ орхиод Тэмүүжингийн ядарч сульдсан морийг сольж, дөнгөж сая танилцсан хоёр залуу дээрэмчдийн хойноос нэхдэг. Цаадуулынх нь нэг хамсаатан нэхэн гүйцэж ирэхэд Боорчи Тэмүүжинд хандаж: “Нөхөр минь нум сумаа надад өг. Би харвалдсуу” гэхэд Тэмүүжин “Миний тулд чи эрсдүүзэй. Би харвалдсуу хэмээн эсрэг харван харвалдав” гэх ба найман шарга морио олж аваад буцаж явахдаа Тэмүүжин: “Би чиний ачаар морьдоо оллоо. Хагасыг нь чи ав” гэхэд Боорчи: “Би сайн нөхөрт тус болсуу хэмээн чамд туслав. Би олз хэмээж авах уу? Эцэг минь Нахуу баян нэрт буюу. Нахуу баяны ганц хүү нь би буюу. Эцгийн минь зөөсөн над түгтэл буюу. Би үл авах, Тус болсон минь юун тус хэмээх. Үл авах хэмээв” гэж гардаг (МНТ. 0550-0587) “Тус хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн ийм дотно нөхөрсөг харилцаа бол монголын баян баярлаг, ихэс дээдэс, харц ард, таних танихгүй хүмүүсийн алинд нь ч түгээмэл байсан нийтлэг дүр зураг юм.
            Хүмүүсийн хооронд ийм харилцаа байсан учраас монголчууд юманд маш амархан үнэмшинэ. Хэн нэгэн хүн намайг хуурч мэхэлж байж болно гэдэг нь тэдний ухаанд багтдаггүй байж. Энэ чанар одоо ч ямар нэг хэмжээгээр хадгалагдаж байна. Аливаа далд муу санаагүй, гэнэн цагаан зан монголчуудын нийтлэг дүр төрх байдаг нь бас л зах зээл дээр бие биеэ хуурч, залилж, ашиг хонжоо хайхыг үл мэдэн хүнийг хуурч мэхэлдэггүй объекттой (мал, байгаль) насан туршдаа харилцаж, түүндээ шүтэж ирснийх байж болох юм. Бие биеэ байтугай малыг хайрлах үзэл монгол занд айхавтар гүн шингэсэн байдаг бөгөөд энэ нь магадгүй энэрэн нигүүлсэх шашны номлолоос ч ах байж болох юм.
            Монголчуудыг төрөлхийн сониуч хүмүүс гэж гадаадын элч, төлөөлөгч, шинжээч, жуулчдын тэмдэглэсэн нь олонтой байдаг. Үүнийг монгол зангийн нэгэн бүрдвэр гарцаагүй гарцаагүй мөн гэж үзэх бүрэн үндэстэй. Энэ нь бас л ахуй амьдралаасаа ургаж гарсан зүй ёсны үзэгдэл. Нэгдүгээрт, бие биеэс алс зайдуу амьдарч, өдөр бүр давтагдах амьдрал үйл ажиллагааны нэгэн хэв маяг, нэгэн хэмнэлээр бүхий л насыг өнгөрөөдөг нүүдэлчид гадаад ертөнцийн тухай мэдээллээр үргэлж цангаж байдаг учраас, хоёрдугаарт, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид хол ойрын газар орны байгаль, цаг уурын байдал, ургамал амьтны аймаг, өвс ногооны гарц, ус, унд, өвөлжөө бууц, хужир шүүний хүрэлцээ, хүн амьтных нь амьдрал аж байдал хийгээд бусад мэдээлэлгүйгээр оршин тогтнох бололцоогүй учраас монголчууд юм бүхнийг сонирхдог.
            Аливаад яарч адгадаггүй, ямагт уужуу тайван, амарлингуй, ажигч гярхай байдаг нь монгол хүний нэг төрөлх зан юм. Энэ нь малчин хүн юуны урьд малтай, байгальтай харилцах учир цаг мөчид хатуу чанга захирагдах, эсвэл урьдчилан огт тооцоогүй зүйл гэнэт тохиолдож тэвдүүлэх явдал тэр бүр гардаггүйтэй ч холбоотой байж болох юм. “Монголчууд аливаад бодол ихтэй, үг цөөнтэй байж, нуруутай хандахыг эрхэмлэдэг, өрөөсгөл үзэл, сүржин явдал, хувирамтгай зан, тавтиргүй араншинг огт таашаадаггүй” (Лувсанцэрэн. 1940.10). Монгол хүний төрөлх зантай холбоотой эдгээр онцлог нь “Яарвал даарна”, “Бушуу туулай борвиндоо баастай”, “Санаж явбал болдог, сажилж явбал хүрдэг”, “Төрийн нуруу төвшин бол төө сөөмийн зөрүү ч гайгүй” гэх зэрэг ардын цэцэн үгэнд сонгодог тодорхойлолтоо олсон байна. Уужуу тайван атлаа зорьсондоо заавал хүрч салдаг чанар монголчуудад бас бий. “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа” гэдэг нь санамсаргүй үг биш ажээ.
       

Эх сурвалж: Т.Намжил "Төлөрх Монгол зан"


2 comments:

  1. баярлалаа аятайхан уншууртайм байна

    ReplyDelete
  2. Ёстой сайхан нийтлэл байна. Баярлалаа😊

    ReplyDelete