Monday, March 5, 2012

Бичиг үсгийн соёл


Оршил

                  Хүн төрөлхтний буй болгосон бичиг үсгийн түүхэнд монгол туургатан ямар байр суурь эзлэхийг тодруулахын тулд өмнө бичиг үсэг юу болох, түүний хөгжлийн нийтлэг үйл явцыг товч хөндөх нь зүйтэй юм.
                  Эх байгалиас ялгарч хүн төрөлхтөн буй болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн зүйлийн нэг нь яах аргагүй хэл бөлгөө. Хэлний үүргийг ном бичиг “харилцахын хэрэглүүр” хэмээн тодорхойлдог. Тэгэхдээ хэл харьцангуй хязгаарлагдмал нөхцөлд энэхүү үүргээ биелүүлнэ. Тухайлбал : цаг хугацаа, орон зайн шалтгаалцал давхацсан үед буюу өгүүлэгч, сонсогч хоёр этгээд тодорхой нэг орон зайд, тодорхой нэгэн хугацаанд хамт байх үед л хэл харилцахын хэрэглүүр болж чаддаг байлаа. Гэтэл хүний аж төрөл хөгжихийн хирээр цаг хугацаа, орон зайн хязгаарлагдмал шалтгаацлыг давах шаардлага гарч өгүүлэгч, сонсогч хоёр этгээд өөр өөр газар оронд, өөр өөр цаг хугацаанд байх нөхцөлд хэрхэн харилцах болох боломжийг хайхад хүрч, үүний дүнд бичиг гэдэг бас нэгэн гайхамшигт нээлтийг буй болгожээ. Ингээд бичиг гэдэг зүйл буй болсноор өгүүлэгч, түүнийг хүртэн сонсогч хоёрыг орон зайн хувьд заавал нэг дор цуг байх, цаг хугацааны хувьд заавал нэг агшинд хамт байх хязгаарыг цуцлах боломжийг бүрдүүлсэн байна.
Монгол бичиг
         Олон нийтийн дунд “хуучин монгол бичиг”, “уйгуржин монгол бичиг”,  баруун монголчуудын дунд “худма монгол” гэдэг монгол бичиг нь монгол туургатнуудын бичиг соёлын түүхнээ онцгой байр эзлэдэг. Үүний гол учир нь монгол бичиг он удаан жил, өргөн хүрээнд тогтвортой хэрэглэгдэж ирсэнтэй шууд холбоотой бөлгөө.
         Монгол бичгийн гаралын тухайд, Арамей гаралтай Согд шинэ үсгээс үүсэлтэй гэж судлагчид нэгэн дуугаар зөвшөөрөн хүлээдэг боловч цаг хугацаа, зам чийрийн хувьд санал хуваагдсаар иржээ. Үүнд: нэгэн хэсэг нь христусын тооллын эхний мянган жилийн сүүлээр Согдоос Уйгурууд авч, улмаар XIII зуунд Уйгураас  Монголчууд дам авсан гэж үздэг бөгөөд энэ үзэл нэгэн хэсэгтээ хүчтэй байсаар иржээ. Зарим судлагчид түүхэн нөхцөл байдал хийгээд XIII зууны үеийн монгол бичгийн хэлний тогтсон ёс байдал зэргийг бодолцоод Монголчууд монгол бичгийг Уйгур улсын мөхсөний дараа буюу XIII зуунд авсан бус, харин Уйгур улсыг өв тэгш мандаж байх үед авсан байх ёстой хэмээн үздэг. Үүнд: Христусын тооллын VIII зуун гэхэд Согдууд Арабад эзлэгдэж улмаар согд бичгийн оронд араб бичиг хэрэглэх болсон билээ. Иймд эзэн нь хэрэглэхгүй болж мартагдаад 300 шахам жилийн нүүрийг үзсэн согд бичгийг Уйгурууд X-XI зуунд авч, түүхийн тавцанаас хэдийнээ буучихсан Уйгуруудаас Монголчууд XIII зуунд дам авсан гэж үзэхэд түүх, хэлшинжлэлийн талаас олон эргэлзээ эрхгүй төрнө.
         1970 хэдэн оноос монголын эрдэмтэд монгол туургатан болон монгол хэлний түүхэнд холбогдох шинэ хэрэглэгдэхүүний судалгаанд түшиглэж монгол бичгийн гарлын тухайд, Уйгураас дам аваагүй, харин Монгол,Уйгур хоёр согдоос зэрэг авсан байх магадлалыг дэвшүүлжээ. Энэхүү таамаглал нь монгол бичгийн гарлын талаархт дээр дурдсан саналуудтай харьцуулахад бодит байдалд илүү нийцтэй гэж үзэх үндэстэй тул тодруулан тайлбарлах нь зүйтэй буй заа.
Өвөг Монгол бичиг
         Хүн төрөлхтний буй болгосон бичиг үсгийн түүхэнд монгол туургатан ямар байр суурь эзлэхийг тодруулахын тулд өмнө бичиг үсэг юу болох, түүний хөгжлийн нийтлэг үйл явцыг товч хөндөх нь зүйтэй юм.
         Эх байгалиас ялгарч хүн төрөлхтөн буй болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн зүйлийн нэг нь яах аргагүй хэл бөлгөө. Хэлний үүргийг ном бичиг “харилцахын хэрэглүүр” хэмээн тодорхойлдог. Тэгэхдээ хэл харьцангуй хязгаарлагдмал нөхцөлд энэхүү үүргээ биелүүлнэ. Тухайлбал : цаг хугацаа, орон зайн шалтгаалцал давхацсан үед буюу өгүүлэгч, сонсогч хоёр этгээд тодорхой нэг орон зайд, тодорхой нэгэн хугацаанд хамт байх үед л хэл харилцахын хэрэглүүр болж чаддаг байлаа. Гэтэл хүний аж төрөл хөгжихийн хирээр цаг хугацаа, орон зайн хязгаарлагдмал шалтгаацлыг давах шаардлага гарч өгүүлэгч, сонсогч хоёр этгээд өөр өөр газар оронд, өөр өөр цаг хугацаанд байх нөхцөлд хэрхэн харилцах болох боломжийг хайхад хүрч, үүний дүнд бичиг гэдэг бас нэгэн гайхамшигт нээлтийг буй болгожээ. Ингээд бичиг гэдэг зүйл буй болсноор өгүүлэгч, түүнийг хүртэн сонсогч хоёрыг орон зайн хувьд заавал нэг дор цуг байх, цаг хугацааны хувьд заавал нэг агшинд хамт байх хязгаарыг цуцлах боломжийг бүрдүүлсэн байна.
         Бичиг үсгийн хамгийн анхны хэлбэр нь тухайн хүн өөрийн санаа бодлыг эд юмсаар төлөөлүүлэн өөр нэгэндээ илгээж байсныг “юм бичиг” гэж үздэг.
         Монгол газар ур чадал, цаг хугацааны хувьд тэдгээр алдаршсан туурвилуудаас дор орохооргүй дурсгал гэвэл Ховд аймгийн Хойд Цэнхэрийн агуйн зураг гэж олон эрдэмтэн хүлээн зөвшөөрдөг. Иймэрхүү хад чулууны сүг зураг, дүрс монгол нутгаас газар сайгүй олддог маань эрт цагийн хүмүүсийн бичиг үсгийн эх гэж үзэх үндэстэй ажээ.
         Үсэг бичгийн хөгжмийн дараагийн шатанд дүрс зургийн хийсвэрлэц хөгжиж, уг дүрслэгдэхүүнээсээ холдож, улмаар ямар нэгэн утга илэрхийлэх “санаа бичиг”- ийн шатанд хүрдэг ажээ. Чухам энэ үеэс л бичиг гэдэг сонгодог утгаа олдог гэж үзэж болно. Санаа бичгийг дотор нь хэд ангилдаг. Үүнд : нэг тэмдэг нь бүхэл бүтэн санааг илэрхийлж байвал “өгүүлбэр бичиг” гэнэ. Харин нэг тэмдэгт нь ямар нэгэн санааг нэмэн гаргаж байвал “ бүтээвэр бичиг” гэдэг байна.
         Монголчуудын анхны бичиг үсгийг өвөг монгол хэл гэдэг ойлголттой холбож үзвэл зохино. Монгол хэлний хөгжлийг 3-4 хувааж үздэг бөгөөд өвөг монгол хэл нь 3 хуваасан тохиолдолд эртний монгол хэлний эхний шат болох ба 4 хуваавал бие даасан нэгэн үе гэж тоймлон ойлгож болно. Үүний учир гэвэл түүхэн тэмдэглэлүүдэд хүннү, ухуани, сяньби, тоба, жужан нарын үсэг бичгийн асуудал нэг янзын улбаагаар холбогддогт оршино. Тэр нь нангиадлаар “ке-мү” гэдэг “модонд хэрчлээ гаргах” бичгийн тухай асуудал бөлгөө.
         Түүхийн баримтыг мөшгин үзвэл Хүннү улсын үе гэхэд гадаад харилцаа үлэмжхэн хөгжиж, бичиг захидал олонтаа илгээдэг, газар нутгийнхаа зургийг үйлддэг байсан тухай тодорхой тэмдэглэсэн байх боловч ямар бичгээр хөтлөж байсан нь учир битүүлэг үлджээ.
         Өвөг монголчуудын бичиг үсгийн талаар зөрчилтэй баримт үлдэн хоцорчээ. Тэдгээрийг ерөнхийд нь тоймлон жагсааж үзье. …”Хүннү нар бичиг үсэг байхгүй, цааз хуулийг амаар тархаармуй…”, “… (Ухуаны) ахлагч нь хэн нэгнийг дуудах болохул модон дээр хэрчлээ гаргана. Тэр нь бичгийн үүрэг гүйцэтгэхгүй, хэдийгээр бичиг үсэг байхгүй боловч тэдний дотроос уг зар тушаалыг зөрчиж зүрхлэх хүн үгүй…” гэх зэргээр үгүйсгэсэн баримт цөөн бус тохиолдоно.
         Энэ бичгийн улбаа мөр аргын тооллын II зууны үед Хүннү нарын их нүүдлээр дорнод Европод гарчээ. Дараа нь IV зуунд Нирун нарын холбоонд багтаж байсан аваруудын нүүдлээр Европод дахин хүрсэн гэдгийг олон эрдэмтний судалгаа нотлож байна. Мажарын   Янош Харматта академич “ Аваруудын хэлний асуудалд” гэдэг томоохон өгүүлэл бичиж мажар нутаг дахь аваруудын булшнаас гарсан Орхон-Енисейн түрэг бичигтэй хэлбэр, дуудлагын хувьд их л ойр болохыг харьцуулан гаргажээ.
         Нийт үсэг бичгийн түүхийг үзвэл дэлхийн олон бүс нутагт”рүн” маягийн үсэг өргөн хэрэглэж байсан бөгөөд ерөнхийд нь хоёр хувааж  үздэг ажээ. Үүнд : Европ дахин (Швед, Норвеги, Дани, Англи-Саксони, Герман)-д өргөн дэлгэрсэн ийм бичгийг аргын тооллын эхэнд үүссэн гэж Ази дахин (Төв Ази болон Сибир)-д тархсаныг аргын тооллын өмнө үүссэн гэж үздэг ба ерөнхийд нь Түрэгийн “рүн” гэж нэрлэж заншсан ажээ. Төв Азийн нүүдэлчдийн “рүн” бичгийн гарлыг эртний согд нарын бичгээс үүсэл гэж үздэг.
         Нангиадын түүхэн тэмдэглэлүүдээс үзвэл хүннү нар согдуудын эртний өвөг кан жью нартай хил залган, нутаг савлаж их ойр дөт байсан тул Төв Азийн нүүдэлчдийн “рүн” бичгийн гарал эртний согдтой холбоотой байж бүрэн болох юм. Эртний түрэгийн “рүн” бичгийн үүслийг 100 гаруй жилийн турш олон эрдэмтэн, тухайлбал : Е. Блоше, Ф. Алтхайм, Э. Трыярски, Г. Клоузон, А, Рона-Таш, Е. Хаудхауген зэрэг нэрт түрэгчид судалсан бөгөөд хүннү нарын тамга бичгээс гаралтай гэж үндсэндээ зөвшөөрдөг юм.
         “… Орхоны түрэгүүдийн бичгийг хүннү буюу хүн нарын бичгээс дам салбарласан гэж үзвэл хүннү нарын анхдагч бичиг буюу өөрөөр хэлбэл түүн дээр түрэгүүдийн нэмж оруулсан тэмдэгүүдийг хасчихлаа гэхэд тэр үлдсэн бичиг нь арамей гаралтай болохын баталгаа хангалттай буй… “ ( Blochet. E. 1898.381) гэсэн үг байдаг нь нэгд түрэг бичиг нь хүннү бичгээс эх авсан, хоёрт, тэрхүү эх авсан хүннү бичиг нь угтаа арамей бичгээс гаралтай гэсэн санаа болой. Согд нарын хэд хэдэн бичиг нь цөм энэхүү арамейгаас гаралтай болох нь хэдийнээ нотлогдсон билээ.

Хятад бичиг
          Хүн төрөлхтний буй болгосон бичиг үсгийн нилээд зарим нь мартагдсан бөгөөд түүнээс арваад нь олон эрдэмтний анхаарлыг гойд татаж судлагдахуун нь болсоор 100 гаруй жилийн нүүрийг үзжээ. Ийм бичгийн дотор монголын хятан хэмээх бичиг зүй ёсоор ордог.
         920 онд  хятад үсгийн үлгэрээр хэдэн мянган тэмдэгт бүхий хятан бичгийг зохиосон тухай “Ляо улсын судар”-т тодорхой мэдээ гардаг.
Сударт Уйгар улсаас элчин төлөөлөгч ирэхэд тэдний хэлийг мэдэх хүнгүй тул улсын хатны санаагаар Елүй Абоожи тайзү хаан удмынхаа Дэ-ла нэр түшмэлийг сэргэлэн сортоотой хүн гэж угтуулан илгээсэн бөгөөд тэрээр элч дагалт сэлтийн хамт хориод хонохдоо уйгур хэл бичиг сурсан, дараа нь 925 онд хятаны “бага” бичгийг зохиосон гэдэг мэдээ буй тул анхны бичгийг “их” хэмээн нэрлэдгийн учир тэр бөлгөө. Тэрчлэн бага бичгийн талаар мөн судар “…бичгийн тэмдэгт нь цөөн ердөө хэдэн зуу боловч бүхий л зүйлийн багтаасан нь нэвтэрхий сайн …” гэж тэмдэглэсэн байдаг. Сайхи мэдээнээс үндэслэж зарим эрдэмтэн хятаны “бага” бичгийг уйгур бичигтэй ойр буй заа гэж таамагладаг. Тэгэхээр хятан “их”, “бага” бичиг ямар ялгаатай байв гэдэг нь сонирхолтой болно.
         Хятаны “их” бичиг нь хэдэн мянган тэмдэгт бүхий дүрс маягийн бичиг бөгөөд хятад бичиг шиг цувуулан бичдэг бололтой. “Бага” бичиг нь судалгааны одоогийн байдлаар 378 тэмдэгтэй бөгөөд үсэг холбож үг болгохдоо үеийн тоогоор 1-7 тэмдэгтийг нэгэн багц болгон бүлэглэж бичдэг байсан бэлхнээ харагддаг тул авиа-үеийн бичиг гэж үзэж болно.

Уйгаржин
         Монгол бичгийн үүслийг арамей гарлын согдыг шинэ үсэгтэй холбоотой гэдгийг судлагчид хүлээн зөвшөөрдөг.
Нэгэн хэсэгтээ аргын тооллын эхний мянган жилийн сүүлээр уйгурууд согд бичиг авч, XIII зуунд монголчууд дам авсан гэж үзсээр ирсэн билээ. Чухамдаа “Юань улсын судар”-т гардаг Тататунгаагийн тамгатай холбоотой мэдээнд үндэслэж, 1205 оны үед уйгур бичгийг авсан гэж таамаглах болсон юм.
         Уйгурууд согдоос бичиг авахдаа IX-X зуунд авсан гэдэг нь бас л эргэлзээтэй. Учир нь согдууд VIII зууны үед арабуудад эзлэгдэж араб соёлын хүрээнд ороод согд бичгээ орхиж араб бичиг хэрэглэх болсон билээ. Тэгж бодвол согдуудыг согд бичгээ хэрэглэсээр байсан үед авсан байх ёстой болно. Нөгөө талаар монголчууд уйгураас бичиг авсан гэхэдд наад зах нь Уйгур улсыг өв тэгш мандаж байх үед авсан байх ёстой гэсэн харилцан холбоотой давхар эргэлзээ гарна.
         Харгалзахгүй байхын аргагүй өөр нэг эргэлзээ гэвэл монгол бичгийн хэл ямар үеийн онцлогийг тусгаж байна вэ гэдэг асуудал юм. Монгол бичгийн хэд нь дундад үеийн монгол хэлний дорнод, өрнөд аялгууны алины нь ч онцлогийг тусгаагүй, харин түрүү үеийн монгол хэлний онцлогийг агуулсан байдаг. Өнөөдрийн бидний мэдэж байгаагийн хэрээр монгол бичгийн хамгийн эртний дурсгал болох “Чингисийн чулууны бичээс” (1224-1225)-ийн хэл зохиомж, бичсэн байдал зэргийг үзэхэд үлэмжхэн түрүү үед хэвшин тогтчихсон бичгийн хэлний шинжтэй гэдгийг академич Б.Я. Владимирцов, Б. Ринчен нарын эрдэмтэд нэг бус удаа тэмдэглэжээ. Үүнд академич Б.Ринчен монголчууд бүр Буданцар дээдсийн үед энэ бичгийг мэддэг байсан гэж бичсэн нь ч буй.
         Энд холбогдох өөр нэгэн баримт буй. Өмнөд Сүн улс (1127-1279) –аас Монгол газар ирсэн хоёр элчийн тэмдэглэлт “… Монголчуудын үсэн бичиг нь уйгуруудынхилугаа ах дүү (төстэй Ред) бололтой… Өдгөө тэд гурван зүйлийн бичиг хэрэглэмүй…” гэсэн мэдээ байна. Үүнийг түүхч Г. Сүхбаатар доктор “… гурван зүйлийн бичиг гэдэг нь монгол гүрний төрийн бичиг болох уйгуржин монгол бичиг, эзлэгдсэн орны талаар хэрэглэдэг хятад, уйгур бичгийг хэлсэн байна…” гэж үзжээ. (Сүхбаатар. Г.   1971.114). энэ нь ч зүйтэй буй заа.
         Тэгвэл монгол бичгийн хэл нь ямар монгол хэлний онцлогийг тусгаж байна вэ гэдэг асуулт гарна. Нангиадын түүхэнд хятад үсгээр тэмдэглэгдэж үлдсэн эртний монгол хэлний цөөн бус үг буй бөгөөд тэдгээрийг олон орны олон эрдэмтэд судлаж уг монгол хэлбэрийг нь тэнхрүүлэн сэргээсэн бөлгөө. Жишээлбэл : сяньби хэлний аялгуу болох табгач хэлний талаар хийсэн судалгаандаа академич Л.Лигети авгай тэдгээр хэрэглэгдэхүүн эртний монгол хэлний онцлогийг тусгажээ гэж үзсэн билээ. Монгол бичгийн хэлний байдал нь үүнтэй их л ойр, өөрөөр хэлбэл эртний монгол хэлний онцлогийг хадгалсан байдаг тул XIII зуунд буюу дундад үеийн монгол хэлний үед монгол бичгийг авсан гэхэд эрхгүй эргэлзэл төрнө.
         XIII зуунд Уйгураас монгол бичгийг авсан гэдэг үзлийг дэмжигчид шашин номын утга бүхий олон самгард нэр томъёоны бичлэг монгол болон уйгурт адилхан гэж батлахыг оролддог. Гэтэл ялгаатай бичдэг нэр томъёо бас ч цөөнгүй гэдгийг мартаж болохгүй. Монголын түүхч Заваа хэмээгч Дамдины “Хор чойжун” (“Hor chos-byun”) буюу “ Монгол орноо дээд ном эрдэнэ гарсан ёсон” хэмээх алдартай бүтээлдээ :”…( согдын) мэргэн багш нар уйгур хийгээд монгол-нугууд-тур үсэг бичих, унших ба Бурханы дээд ном зарлиг шастар, сайн зарлигуудын өөр өөрийн хэлээр орчуулах ёсыг үзүүлж сургав… Тэр шалтгаанаар одоо манагаар ч номын хэл нь энэтхэг, уйгур, монгол холимогоор оршсон болой…” хэмээн “Үхэр уулын судар”, “Цагаан лавайн дуун эгшиг” зэрэг төвд сурвалжид үндэслэж бичсэн зүйл буй бөгөөд үүнийг VII-VIII зуунд хамруулсан байдаг.
         Уйгур бичиг үсгийн түүхийг судлагч А. Махмутов 1969 онд “…Бишбалыкын баянбүрдээр нутаглаж байсан уйгурууд барагцаалахад V зууны үед согд цагаан толгойноос эртний уйгур үсгийг авчээ…” гэж нэлээд баталгаатай бичсэн байдаг. (А.Махмутов. 1969.142)
         Монгол бичгийг XIII зуунд уйгураас анх авч хэрэглэх болсон гэдэг таамлаглал төдий л үндэстэй болж чадахгүй, ямар ч атугай түүннэс нэлээд хэдэн зууны өмнө согдууд согд бичгээ өргөн хэрэглэж байсан үед монгол, уйгур хоёр нэгэн зэрэг авсан буй заа гэж хэлэх үндэс бүрэлдэнэ.
         Монголчуудыг түүхэнд хамгийн олон үсэг бичиг зохиож хэрэглэхийг оролдсон ард түмэн гэж хэлж болох боловч, цаг хугацааны хувьд хамгийн урт удаан бөгөөд тогтвортой, орон зайн хувьд нийт монгол туургатны тухайд нэгдмэл бөгөөд жигд хэрэглэсэн ганц бичиг бол монгол бичиг болно.
Тухайлбал: аливаа үгийг нутаг нутагт өөр өөрийнхөө аялгуугаар унших бүрэн боломжтойгоос гадна тухайн үгийн утга санаа монгол туургатан даяар нийтлэг нэг байх тул монгол бичиг нь олон аялгуугаар хэлэлцэгч монголчуудыг бичгээр нь нэгтгэн өгч байсан ажээ. Өөрөөр хэлбэл монгол хэлний нутаг нутгийн аялгууны онцлог бүрийг нягтлаад ямар авиа аль нутагт ямар авиатай хэрхэн сэлгэдэг зэргийг анхаарч тэдгээрийг бичигч гол төлөв нэгэн үсгээр тэмдэглэх зарчмыг баримталсан байна. Жишээ болгож зарим үгээр тайлбарласу.
         Монгол бичигт о-у, ө-ү, д-т, ж-й, х-г үсэг адил хэлбэртэй байдаг нь монгол хэлний нутаг нутгийн олон аялгууны авиа зүйн хуулийг сайтар тусгасны нотолгоо юм.
         Монгол бичгийн зөв бичихзүй нь залгамал хэлний онцлогт хамгийн тохиромжтой хэлбэр судлалын зарчмыг голлож баримтласан тул үгийн язгуур үндэс, дагавар, нөхцөл болон хэлзүйн хэлбэр тогтвортой, зөв бичихзүйн дүрэм тун цөөн бөгөөд бараг гажилт байхгүй. Үүнээс гадна зөв бичихзүйн энэ тогтолцоо монгол үсгийн үүсэл, утгын хөгжил, хувирал зэргийг тодорхой тусгасан байдаг тул, уншиж, бичиж байгаа хэн боловч хэлний мэдрэмжид нь байгаа байнга хүртэж, болох шаардлагатай байсан ажээ.
         1587 оны орчим харчины Аюуш гүүштэн монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор төвд, самгард, хятад зэрэг харь хэлний нэр томъёо, үг хэллэгийг монгол бичгээр тэмдэглэх бүрэн боломжийг буй болгосон билээ. Самгард хэлний авиаг тэмдэглэнэ гэдэг бол энэтхэг-европын овог хэлний үгийг тэмдэглэх тогтолцоотой болно гэсэн хэрэг билээ. Иймд монгол бичгээр европ дахины хэлний авиа, нэр томъёог бүрэн тэмдэглэх боломжтой бөгөөд орос, франц, герман, англи зэрэг олон хэлнээс орчуулсан сонгодог зохиол бүтээл болон “Библи” судар монгол бичгээр байдаг нь үүний баталгаа мөн.
         Бас нэгэн зүйл бол монгол бичиг нь хурдан бичих боломжтой, хүний ярьж хэлж буй үгийг аан уунгүй тэмдэглэж чаддаг тул “түргэн бичиг”-ийн үүргийг давхар гүйцэтгэж иржээ.
         Харьцангуй хожуу зохиогдсон бусад бичигтэй жишихэд монгол бичиг нь энэ мэтийн боловсронгуй талаараа үлэмжхэн илүү байсны учир цаг хугацаа, орон зайн хамаарлын хувьд тэдгээрээс давж нийт монгол даяар, хамгийн урт удаан хэрэглэгдсэн гэж хэлэх бүрэн үндэстэй юм.
         Монгол бичиг нэг үсэг хэд хэдэн дуудлагатай байдаг нь түүний сайн боловсроогүй, бүдүүн тойм.Монгол бичгийн хэл нь ярианы хэлнээс их зөрүү болсон гэж өөлсөөр ирлээ.
         Монгол бичигт үндэслэсэн монгол бичгийн хэл ямар ч атугай
1224-1225 он гэхэд бүрэлдэж тогтчихсон байсан нь монгол туургатны нийгэм-соёлын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэж иржээ.
         Арамей гаралтай согд бичгээс салбарласан бичгээ монголчууд өнөөдрийг хүртэл хөгжүүлэн хэрэглэсээр ирсэн нь дэлхийн бичиг үсгийн түүхэнд монгол түмний оруулсан нэгэн гавьяа гэж хэлж болно. Учир нь согд, уйгур нар арабын соёлын хүрээнээ батлах болж өөрсдийнхөө буй болгосон бичгийг орхиж цөм араб бичиг хэрэглэх болжээ. Тэгээд согд гэдэг үндэстэн зөвхөн түүхэнд хоцорч, хөгжил мандаж байсан. Уйгур улс ч үгүй болжээ. Хэрвээ монголчууд тийм хувь зохиол тохиолдсон аваас  наад зах нь хүмүүн төрөлхтний буй болгосон нэгэн бичгийн тогтолцоо орхигдон мартагдах байсан.
         Энэ бүхнийг нэгэн цогц болгон авч үзвэл монгол бичиг нь лавтай 1000 гаруй жилийн туршид бусад улс үндэсний бичиг үсгийн о нэгэн адил улс үндэснийхээ нийгэм-соёлын хэрэгцээг тэгш хангаж, нийт монголчуудыг бичгээр нь нэгтгэж, дэлхийн сонгодог тэргүүний зохиол бүтээлийг монгол түмэнд танилцуулж, монголчуудын утга соёл болон эрдэм ухааны өв уламжлалыг бидний үе хүртэл тээж ирсэн Монголыг монгол хэвээр нь байлгахад онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэх бүрэн үндсэн буй бөлгөө.

Бичиг үсгээ шинэчлэх оролдлого
         Монгол түмний бичиг үсгийн түүхийг эргэн үзэхэд үсэг бичгээ улмаар боловсронгуй болгох гэсэн, эрмэлзэл нэг бус удаа гарсан ажээ. Гэвч эрмэлзэл гэдэг угтаа өөдрөг зүйл боловч эцсийн үр дүн чухамдаа ямар болох нь тэр бүр тодорхой байдаггүй билээ. Монголчуудын бичиг үсгээ боловсронгуй болгох гэсэн эрмэлзэл нь тухайн үеийн улс төрийн байдал, хэлний “шаардлага” газар нутгийн хамаарал гэх зэрэг шалтгаанаас үүдэн гарч байсан тул их төлөв “тусгайлиг” шинжийг агуулж байжээ гэж хэлж болно.

Монголын дөрвөлжин бичиг
         Юань улсын бүрэлдэхүүнд багтаж байсан олон хэлнийн иргэдийг бичгээр нь нэгтгэх гэсэн бодлого чухамдаа Юань улсыг албан ёсоор байгуулахаас өмнө эхэлжээ. 1269 онд Хубилай (1215-1294) хааны зарлигаар Пагва лам Лодойжанцангийн (1234-1279) зохиосон дөрвөлжин бичиг нь дүрсийн хувьд төвд үсгээс, холбон бичих зарчмын хувьд монгол бичгээс эх авсан ( Ц. Шагдарсүрэн  1981. 32-57) бөгөөд үүнийг хааны зарлигаар улсын бичиг болгож Юань улс даяар төр-шашны  бүх хэргийг дөрвөлжин бичгээр хөтлөх болсон билээ. Европ дахинаа уг бичгийг дөрвөлжин бичиг гэсэн утгаар нэрлэхийн хажуугаар зохиогчоор нь Пагвагийн бичиг хэмээнэ. Дөрвөлжин бичгээр үлдсэн дурсгал хоцрол гэвэл төдий л цөөн бус, одоо ч нэмэн олдсоор буй бөгөөд ерөнхий хүрээг авч үзвэл, дээдийн зарлиг тархаах, олон зүйлийн ном бичиг хэвлэх, тамга тэмдэг захиралга болон гэрэгэ хэмээх үнэмлэх пайз, цаасан мөнгөн дэвсгэрт хийгээд, бичүс буюу гэрэлт хөшөө тэргүүтэнд цөмд нь хэрэглэж байжээ.
         Дөрвөлжин бичгийг Юань гүрний үед албан ёсоор хэрэглэж байсан боловч Юань улсаас хойш ерийн уламжлал тасралгүй явсаар өдийг хүргэсэн  юм.
         Монголын дөрвөлжин бичгийг анх төвд үсгийн хэлбэрээс үлгэр авсан боловч тэр цагт Төв Ази дахинаа нөлөөтэй байсан монгол, хятад зэрэг бичгийн нэгэн адил дээрээс доош босоо бичнэ гэхэд хөндлөн бичдэг төвд үсгийн зарчим нийцэхгүй тул үсэг холбон бичих өөр тогтолцоог хайх шаардлага эрхгүй тулгарсан, үүндээ монгол бичгийн үсэг зүйн зарчмыг хэрэглэжээ гэж үзэх баримт бүрэн байдаг.
         Дөрвөлжин бичгийн цагаан толгойн бүтцийг авч үзэхэд Юань гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан олон улс түмний хэл, тухайлбал: монгол, хятад, төвд, самгард, түрэг хэлний авианы онцлогийг тусгасан байх бөгөөд дурдсан хэлээр бичсэн дурсгал байгаа нт үүний баталгаа болж өгнө. Ийм ч учраас монголын дөрвөлжин бичиг бол Юань улсын албан ёсны бичиг байсан төдийгүй, гүрний хязгаар доторхи олон хэлийн үндэстнийг бичгийн хувьд нь нэгтгэх үүрэгтэй байсан ажээ.

Тод бичиг
         Ойрадын Зая Огторгуйн Далай хэмээх Намхайжамц (1599-1662) хулгана жилийн өвөл (1648) Чүй мөрөнд өвөлжих үедээ Тод хэмээх бичгээ зохиожээ. Энэ үеийн улс төр, нийгмийн байдлыг үзвэл монголчуудын тусгаар тогтнолд Манжийн зүгээс заналхийлж, бас буддын шашны нөлөө гуравдахи удаагаа хүчтэй болж байснаас гадна нийт монголчууд эв нэгдлийн хувьд тийм ч таатай цаг биш байжээ.
         Тод үсэг нь монгол бичгээс эх авсан боловч монгол бичигт нэгэн үсгээр сэлгэж болдог хэдэн авиа тэмдэглэдэг ёсыг халж, үсэг бүр тодорхой нэгэн авиаг тэмдэглэхээр зохиосон тул чухамдаа “тод” гэж нэрлэх болсны учир тэр буй заа.
         Тод бичгийн зөв бичих ёс нь авиазүйн зарчим дээр үндэслэсэн байна. Үсэгзүйн үүднээс зарим эгшиг (жишээ нь: ө)-ийг өмнөх гийгүүлэгчээр нь зохицуулж нэгэн дүрсээр бичих ёсон ажиглагддаг нь монгол бичгийн үсэгзүйн арвилан хэмнэх зарчмын нөлөө биз ээ.
         Тод бичигт эгшгийн уртыг гурван хэм (ерийн , урт, нэн урт)-ээр тэмдэглэдэг бөгөөд нэн урт нь зөвхөн тарнийн хэлэнд байна. Тод бичгийн хэлний зөв бичихзүйд дэвсгэр гийгүүлэгч 14 байдаг нь монгол бичгийнхээс 3-аар илүү, энэ нь зарим талаар ойрд аялгууны онцлогтой холбоотой боловч төвд-энэтхэгийн нөлөө гэж үзвэл илүү зохино.
         Тод бичгээр төвд хэлнээс орчуулсан ном зохиол нэлээд олон. Зая Бандидын намтарт түүний орчуулсан гэх их, бага таван ухааны 177 номын жагсаалт байдаг бөгөөд энэ нь бас бүгдийг хамарсан бус ажээ.
         Тод бичиг, түүний дурсгалын судлалд эрдэмтэн Х. Лувсанбалдангийн оруулсан хувь нэмрийг дурдалгүй орхих аргагүй юм. Эрдэм шинжилгээний  ганц сэдэвт зохиол, олон өгүүллэгээс гадна түүний хүчин зүтгэл, санаачилгаар олон жилийн туршид цуглуулсан тод бичгийн дурсгал-ном судар, албан бичгийн зүйлс тэргүүтэн хэдэн зууд хүрсэн бөгөөд энэ хөмрөг өдгөө Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж, дэлхийн хэмжээнд энэ чиглэлээр лавтайяа тэргүүн байранд орно гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Соёмбо бичиг
         Тод үсгийг зохиосноос 40-өөд жилийн дараа, 1686 онд халхын анхдугаар богд, Өндөргэгээн Занабазар (1635-1723) энэтхэгийн ланз үсгийн хэлбэрт шүтэж соёмбо (самгардаар “өөрөө буй болсон гэгээн” гэсэн утгатай) хэмээх бичгээ зохиожээ.
         Соёмбо бичгийн утга учир, мөн чанарыг тайлбарласан 10 гаруй бүтээлийг Эрэнэ зуу хийдийг ширээт лам Дагвадаржаа (1743-1803)  бисэн байна.
         Соёмбо бичиг нь монгол, төвд, самгард хэлний аялгуут зэрэг тэмдэглэх зорилготой тул 90 шахам үсэгтэй. Голдуу зүүнээс баруунш бичдэг боловч бас босоо бичсэн зүйл буй. Үсэг холбож үг болгохдоо самгард –төвд бичгийн байдлаар үгийг үе үеэр нь багц болгож бичнэ. Энэ бичиг нь нэлээд эрхэмсэг хэлбэртэй тул дармал маягаар бичихэд баахан ур шаардана. Соёмбо бичгийн эхлэх тэмдэг Э-бам (эгчим буюу бярга) нь монголчуудын хувьд тусгаар тогтнолын бэлгэдэл болж туг сүлдэн дээр заларсаар хэдэн зууны нүүрийг үзсэн бөлгөө.
         Соёмбо бичгийн дурсгал нь XVIII зууны монгол хэл, аялгууны байдлыг үзүүлэх баримт болно гэж академич Л. Лигети бичсэн нь уг бичгийн эрдэм шинжилгээний нэг ач холбогдлын дүгнэсэн хэрэг юм.

Хэвтээ дөрвөлжин бичиг
         Энэ бичгээр үлдсэн дурсгал гэвэл харьцангуй цөөн, хэдэн зүйл цагаан толгой, тарнийн үсэг хийгээд Ж. Цэвээн  гуайн цуглуулгаас профессор Д. Карагийн олсон тамгын дардас болон Гандан хийдийн гавжтан Данзан-осор гуайн цуглуулга дахь сүмийн ханын чимэг бичээс тэргүүтэй зүйл, гол төлөв Эрэнэ зуу хавиас олддог нь Өндөр гэгээнтэнтэй холбоотойг давхар батлаж байгаа буй заа.
         Хэвтээ дөрвөлжин бичгээр бичих чиг, цагаан толгойн бүрэлдэхүүн зэрэг нь соёмбо бичигтэй бараг адил, харин соёмбо бичгийг ланз үсгийн шүтсэн бол хэвтээ дөрвөлжнийг төвдийн дөрвөлжин буюу “ тамга” үсгээс эх загвар авсан гэж үзэх үндэстэй. Чухам ямар шалтгаанаар энэ бичгийг зохиох болсон нь одоо хэр учир битүүлэг боловч мөн л номын гурван “гэгээн” хэлээр бичих бүрэн боломжтой нь цагаан толгойнхи нь бүрэлдэхүүнээс харагддаг.
         Энэ бичгээр үлдсэн дурсгал өнөөдрийн байдлаар хэдийгээр цөөн, хягаарртайхан байгаа боловч хэлний байдлыг нь үзэхэ, соёмбо бичгийн нэгэн адил XVII-XVIII  зууны халх аялгууны онцлогийг зохих хэмжээгээр тусгасан байдаг билээ.

“Вагиндра”-гийн бичиг
         1905 онд олны дунд Агваан хамба гэж алдаршсан Агвандоржиев ламтан “Буриадын шинэ үсэг”-ийг зохиосон нь ном судрын дотор “Вагиндрагийн үсэг” гэж тэмдэглэгдэх болжээ. Вагиндра гэдэг үг нь зохиогчийн Агваан гэдэг нэрийн самгард орчуулга болой.
         Валиндрагийн үсэг нь монгол бичигт өрнө дахины хэл, бичгийн нөлөөг анх шууд тусгасан бичиг гэж үзэх үндэстэй бөгөөд энэхүү бичгээр монгол хэл хийгээд буриад аялгуу, мөн орос хэлээр бичих боломжиой ажээ. Вагиндрагийн бичгээр 1905-1910 оны хооронд “Буриадын шинэ үсэгт тааруулсан зүрхэн толт….”, аман зохиолын хэдэн зүйл эмхэтгэл зэрэг арав шахам номыг чулуун барын аргаар Санк-Петербург хотноо хэвлэн гаргажээ.
Түүнээс гадна эл бичгээр түргэн бичихэд монгол бичигтэй адилгүй, үсэг бүрийн ялгааг хичээнгүйлэн гаргах шаардлагатай зэрэг бас бус галтгаанаар, тод бичгийн нэгэн адил монгол туургатан нийт даяар хэрэглэхэд бэрхшээлтэй байсан учир арга буюу орхигдоход хүрсэн буй заа.
         Аливаа улс үндэсний бичиг, түүн дээр үндэслэсэн бичгийн  хэл нь аль нэг ноёрхох аялгууны онцлогийг бусад олон  аялгуунд хүчээр тулгалгүй, тухайн нэг ард түмний буюу эс бөгөөс тэрхүү хэлээр хэлэлцэгч олон ард түмний хэлний нийтлэг онцлогийг жигд тусгахыг хажуугаар нутаг нутгийн хэл аялгууны байдлыг эрх тэгш анхаарсан тохиолдолд л нийт даяар хэрэглэгдэх боломжтой болж, улмаар тухайн ард түмнийг үсэг бичгээр нь дамжуулан хэлний хувьд нь нэгтгэж байдаг ажээ.

Кирилл монгол бичиг, түүний онцлог
         1930-аад оноос Зөвлөлт Холбооны Улсад араб, гүрж, монгол зэрэг оросоос өөр бичиг хэрэглэж байсан ард түмнүүдийн дунд латин үсэг авах хөдөлгөөн нэгэн зэрэг эхэлж, улмаар латин үсэгт сургах, латин үсгээр ном бичиг хэвлэх явдал нэлээд өрнөж ирснээ огцомхон эргэлтээр цөм орос кирилл үсэгт шилжсэн билээ. Үүнлүгээ адилхан хөдөлгөөн Монголд бас өрнөж, 1930 оноос монгол үсгийг халж боловсон соёлыг дэлгэрүүлэхэд дөхөмтэйг нийт дээр дэлгэрэх туршилгыг олсон латин үсгийг өөрийн монгол хэлэндээ зохилдуулан үндсэн хэлний үсэг болгон хэрэглэх оролдлого хийж эхэлсэн билээ. Ингээд латин бичиг зааж сургах, сонин сэтгүүлд булан гаргах зэрэг ажил арван жил шахуу үргэлжилжээ.
         МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн 1941 оны 3-р сарын 25-ны өдрийн хамтарсан хурлаас гаргасан 22.18 дугаар тогтоолд :
         Шинэ үсгийн дүрэм 1942 онд гарч засвар оруулсан хоёрдугаар хэвлэл нь 1946 онд хэвлэгджээ. Ингээд Дэлхийн II дайны дараа, 1946 оны 1-р сарын 1-нээс “…бүх хэвлэл ба улсын албан хэргийг шинэ үсгээр…” явуулах болсон юм. Энэ хугацаанд шинэ үсгийн дүрэмд орсон өөрчлөлт засварыг авч үзэхэд эхэн үед арай ялгаатай байсан зүйлсийг орос бичгийн байдалд ойртуулан зассан нь тодорхой харагддаг.
         Шинэ үсгийн цагаан толгойн бүрэлдэхүүнийг авч үзвэл, орос цагаан толгойн 33 үсэг дээр ө,ү хоёрыг нэмсэн байна. Зохиогч үндсэн долоон эгшиг, тусгах зургаан эгшиг (я-гийн төрлийн үсэг е,ё,ю,я болон й,ы) 20 гийгүүлэгч: ъ,ь нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш, зүгээр тэмдэг үсэг болно гэж хуваажээ. Гийгүүлэгчийн тухайд, монгол хэлний хоёр зүйлийн г, н хоёрыг тус тус нэгэн үсгээр тэмдэглэсэн байна.
         Шинэ үсгийн дүрэм нь авиазүйн зарчим буюу хэлдэгтээ ойртуулах зорилгыг голлосон бөгөөд мэргэжлийн олон эрдэмтний үзэж байгаагаар үгзүй буюу хэлбэр судлалын зарчмыг баримталсан бол хэв шинжийн хувьд монгол зэрэг алтай овгийн залгамал хэлний онцлогт илүү тохирох байсан байна.

Дүгнэлт

                  Аливаа улс үндэсний бичиг, түүн дээр үндэслэсэн бичгийн  хэл нь аль нэг ноёрхох аялгууны онцлогийг бусад олон  аялгуунд хүчээр тулгалгүй, тухайн нэг ард түмний буюу эс бөгөөс тэрхүү хэлээр хэлэлцэгч олон ард түмний хэлний нийтлэг онцлогийг жигд тусгахыг хажуугаар нутаг нутгийн хэл аялгууны байдлыг эрх тэгш анхаарсан тохиолдолд л нийт даяар хэрэглэгдэх боломжтой болж, улмаар тухайн ард түмнийг үсэг бичгээр нь дамжуулан хэлний хувьд нь нэгтгэж байдаг ажээ.
                  Монголчуудыг түүхэнд хамгийн олон үсэг бичиг зохиож хэрэглэхийг оролдсон ард түмэн гэж хэлж болох боловч, цаг хугацааны хувьд хамгийн урт удаан бөгөөд тогтвортой, орон зайн хувьд нийт монгол туургатны тухайд нэгдмэл бөгөөд жигд хэрэглэсэн ганц бичиг бол монгол бичиг болно.



1 comment:

  1. Ээвийн гол Баруун Алтайд байдаг, Алтайн урианхай/тувачууд/-ын хэдэн үеэр нутаглаж байсан газар.Одоо Хятадын нутагт байдаг. Өвөг дээдсээсээ уламжлан дуулж ирсэн Ээви Хем хэмээх дууг Тувачууд одоо ч гэсэн дуулсаар байдаг

    ReplyDelete