Sunday, February 10, 2019

Монгол төрийн соёлын бодлогын залгамж чанар дахь соёлын дархлаа


Монголын ард түмэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг Монгол Улсын Үндсэн хуулинд эрхэм зорилгоо болгон даяар олноо зарлан тунхагласан.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Соёлын талаар төрөөс баримтлах бодлогод ч мөн тус агуулгыг дэлгэрэнгүй тодорхой зүйлчилж заасан. Иймд үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх үндэс хэрхэн хангагдаж байгаагаар соёлын аюулгүй байдлын түвшин болон соёлын бодлогын төлөв байдал, залгамж чанарыг тодорхойлж болно.
Монгол Улс ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихээс өмнө буюу тухайлбал 1964 оноос хойш соёлын холбогдолтой хэд хэдэн олон улсын гэрээ, конвенцид нэгдсэнээс гадна үндэсний хэмжээнд “Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах тухай” хууль /БНМАУ-ын АИХТ-ын 1970 оны 167 дугаар зарлиг/, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн “Урлагийн байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай /1956/, “Зохиогчийн шагналын хэмжээг шинэчлэн тогтоох тухай /1965, 1987/, “Монголын зурагт радиогийн нэвтрүүлэгт орох шагналын хэмжээг тогтоох тухай” тогтоолыг батлан хэрэгжүүлж байсан нь соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, зохиогчийн эрхийг хамгаалах, уран бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилтоо биелүүлж байсан байна.
Хэдийгээр түүхэн он цагийн хугацаанд Монголчуудын бүтээсэн өв соёл нь бүдгэрэн, тодрон бас шинэчлэгдэн өөрчлөгдсөн ч монгол хүний мэргэн ухаан, хүчин зүтгэл болон байгаль экологийн өвөрмөц онцлог, үндэсний дархлаагаар тэтгэгдэн өнөөдрийн үетэй золгоод байна.
1990-ээд оноос хойш гарсан Төрөөс соёлын талаар баримтлах бодлого /1996 онд баталж, 2012 онд шинэчлэн баталсан/, “Соёлын тухай” хууль /1996 оноос хойш 10 удаа нэмэлт өөрчлөлт орсон/, “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай” /1994-2001 он/, “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль /2001 онд батлан 2014 онд шинэчлэн найруулсан/, “Төрийн албан ёсны хэлний тухай” хууль /2003 он/, “Эрдэнэсийн сангийн тухай” хууль /2002/, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” /2008- 2016/, “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хууль /1993/, “Номын сангийн тухай” хууль /2015/ зэрэг үндэсний хэмжээний баримт бичгийг тус тус батлуулан мөрдөөд байна. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал /2011 он/-д “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн” гэж заасан.
Гадаад бодлого нь харилцан хамааралтай 7 үндсэн хэсэгтэй уялдах бөгөөд үүний нэг хэсэг болох Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэхэд түүх, соёлын дурсгалт болон үнэт зүйл, байгалийн өвөө хамгаалах, сэргээх талаар гадаад улс, ЮНЕСКО, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж дэлхийн соёлын болон байгалийн өв санд бүртгүүлэх, шаардлагатай олон улсын гэрээнд нэгдэх, үндэсний хөгжилд нэн шаардпагатай мэргэжилтнүүдийг хөгжингүй улсад бэлтгэх, соёлын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн байна.
“Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенц”, “Утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах тухай Парисын конвенц”, “Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ”, “Тоглолт болон дуу бичлэгийн авианы тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ”, “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”, “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенц” зэрэг 10-аад гэрээ, конвенцид Монгол Улс тус тус нэгдэн орсон.
1996 онд баталсан “Төрөөс баримтлах соёлын бодлого”-ыг хэрэгжүүлсэн 16 жилд соёлын бодлогын хүрээнд эрх зүйн болон үйл ажиллагааны хэд хэдэн зохицуулалт хийсэн нь дээр дурдагдсан бодлогын баримт бичгээс харагдаж байна.Мөн тус бодлоготой уялдсан Засгийн газрын 8 хөтөлбөрийг боловсруулсан нь өнөөдөр хэрэгжиж дууссан байна.
Төрөөс соёлын талаар баримтлах шинэчилсэн бодлогоо Монгол Улс шинээр нэгдэн орсон гэрээ, конвенцийн үзэл санаа, МУ-ын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, МУ-ын Гадаад бодлогын үзэл баримтлалтай уялдуулах чиглэл баримтлан боловсруулсан бөгөөд үндэсний соёл нь монголын ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл, гурван цагийг холбосон ариун нандин холбоос хэмээгээд Монгол Улсын төр XXI зуунд улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд соёлын талаар баримтлах бодлогоо өргөжүүлэх шаардлагууд зүй ёсоор тулгарсныг үндэслэн баталсан. “Соёлын өвийг хамгаалах тухай” шинэчилсэн хуульд Соёлын өвийг хамгаалах талаар төрийн байгууллагын бүрэн эрх, соёлын өвийн дурсгалт газрыг хамгаалах, соёлын биет өвийг сэргээн засварлах, соёлын өвийг сурталчлах, мерчиндайзын гэрээ гэсэн 5 бүлгийг шинээр нэмжээ. Тус хуульд соёлын үнэт зүйлсийг бүтээн туурвих, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оролцож буй иргэн, хуулийн этгээдийн бүтээлч байдлыг хөхиүлэн дэмжих, өвийг олон нийтийн хүртээл болгоход чиглэсэн үйлдвэрлэл, гэрээ, олон нийтийн хяналтын бодлогыг тусгаснаар өнөөгийн нөхцөл байдал, соёлын өвд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх үндэс бүрдсэн байна. Одоогоор тус хуулийг дагаж мөрдөх журам, салбар хоорондын уялдааг хангах зохицуулалт дөнгөж эхлэл төдий байгаа бөгөөд “Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг бүртгэх журам”, “Соёлын өвийн судалгаа хийх журам”, “Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”, “Соёлын биет өвийг зөөж, тээвэрлэх журам”-ыг тус тус батлаад байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн даяаршил, мэдээлэл, технологийн хөгжлийн хурдыг даган улс орон бүр шинэ зуунд өөрийн улс орон оршин байх хийгээд тогтвортой хөгжих, үндэсний ашиг сонирхолоо хамгаалан тэлэх соёлын томоохон өөрчлөлтүүд, зөөлөн хүчний бодлогыг явуулж байгаа бөгөөд өдрөөс өдөрт бид гадны соёлын нөлөөнд автах орчин нөхцөл бүрдээд байна. Энэхүү нөхцөл, шаардлагыг үндэслэн 2014 онд “Монгол уран бүтээл”, 2015 онд “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар баталсан байна.
Дээрх батлагдсан баримт бичгээс харахад өнөөдрийг хүртэл чамгүй олон тоотой бодлогын баримт бичгийг батлуулан эрх зүйн орчныг тодорхой хэмжээнд бүрдүүлж чаджээ.
Соёл, урлагийг хөгжүүлэх, соёл, урлагаар дамжуулж хүүхэд, залуу үеээ эх оронч, хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэх, хүний хөгжлийг дэмжсэн соёлын бодлогын шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна.
Монгол Улсаас дараах соёлын өвөө ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын санд бүртгүүлсэн.
Дэлхийн соёлын өв
1.      Орхоны хөндийн соёлын дурсгалт газар(2004 он)
2.      Алтайн нурууны хадны зургийн цогцолбор(2011он)
“Хүн төрөлхтний  биет  бус соё­лын өвийн төлөөллийн жаг­саалт”-д  
1.      Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008 он)
2.      Монгол ардын уртын дуу (2008 он, БНХАУ-тай хамтран)
3.      Хөөмэй (2010 он)
4.      Монгол наадам (2010 он)
5.      Бүргэдийн ан буюу Шувуучлахуй (2010 он, 12 оронтой хамтран)
6.      Монгол гэр, уламжлалт урлалын зан үйл (2013 он)
7.      Шагайн харваа (2014 он)
“Яаралтай хамгаалах шаард­ла­га­тай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалт”-д
1.      Монгол тууль (2009 он)
2.      Монгол ардын бүжгийн урлаг - Бий биелгээ (2009 он)
3.      Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009 он)
4.      Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга-битүү амьсгаа (2011)
5.      Монгол уран бичлэг (2013 он)
6.      Ботго авахуулах зан үйл (2015 он)
Баримтат өв
Баримтат   өвийн    үнэт    дурс­галуудыг гэмтэж устахаас сэргийлэн хадгалж хамгаалах зорилгоор ЮНЕСКО-гийн 1992 оноос эхлэн хэрэг­жүүлсэн “Дэлхийн дурсамж” хөтөл­бөрийн “Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д Монголын Үндэс­ний номын сандхадгалагдаж буй дөрвөн судар ном бүртгэгдсэн:
1.“Лу. Алтан товч” (2011 он)
2.“Монгол шунхан Данжуур” (2011 он)
3.“Есөн эрдэнийн Ганжуур” (2012 он)
4.“Сахиусан Дара эх” (2014 он)-ыг тус тус бүртгүүлэн хүн төрөлхтний өмнө энэхүү соёлын өвүүдээ хамгаалах үүрэг хүлээсэн.
Эдгээр соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Засгийн газрын тогтоолоор “Морин хуур, уртын дуу” (2005-2014), “Монгол хөөмий” (2008-2014), “Монголын уламжлалт бүжиг, бий, биелгээ” (2009-2014), “Монгол тууль” (2012-2014), “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах” (2008-2015), “Монгол цуур" (2014-2016)үндэсний хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлсэн байна.
2014 онд шинэчлэн батлагдсан “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн үндсэн зорилт нь соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулах явдал юм.
Соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон соёлын өвийн амин чухал дархлаа хэр байгааг бодлогын болон хэрэгжилтийн орчин, бидний үнэт зүйлс өнөөдөр ямар байгаагаар илэрнэ. Соёлын өвийг хамгаалах хамгийн эхний алхам бол одоо байгаа өвөө бүртгэн баримтжуулах, хамгаалахаас эхэлнэ.
“Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2014 онд баталсан.Хөтөлбөрийг 2 үе шатаар 2015-2022 онд хэрэгжүүлэхээр заасан боловч 2014-2017 оны улсын төсөвт хөрөнгө санхүүжилт тусгагдаагүй байна.Иймээс соёлын үнэт өвийг үндэсний хэмжээнд бүртгэн баримтжуулах, шинжлэн судалж нийтийн хүртээл болгох, хадгалалт хамгаалалтыг сайжруулах асуудал нэн чухал байна.
Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай ЮНЕСКО-гийн конвенцид нэгдэн орсон ч энэ талаарх төрийн зохицуулалт дулимаг, соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чиг үүрэгтэй төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн ойлголт сулаас соёлын үнэт олон өвөө хууль бусаар алдаж байсан. Өнөөдрийн байдлаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх болон зохицуулалтын бусад асуудлыг шийдээгүйгээс хил, гааль дээр хүндрэл гарах, соёлын үнэт, ховор эд зүйлс мөн эсэхийг тодруулахаар эргээд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандах шаардлага гарч байна. Соёлын өв-гааль гэсэн хос мэргэжилтэн бэлтгэх тухай, хамтарсан хөтөлбөр боловсруулах тухай ч ярих цаг болжээ. Цаашид Хулгайлагдсан буюу хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА-гийн 1995 оны конвенцид нэгдэн орох шаардлагатай.
“Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенц”-ийн агуулга, үзэл санааг тусгасан баримт бичгийн нэг бол “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөр юм. Мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлж байгаа чухал салбарт тооцогдох соёлын үйлдвэрлэл нь эдийн засгийн өсөлт болон ажлын байр бий болгож байгаа үзүүлэлтээрээ жил ирэх тутам тогтмол өсөөд зогсохгүй соёлын салбарын хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болж байгаа дэлхийн чиг хандлагыг ухамсарлан Засгийн газраас 2015 оны 12 дугаар сард “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг баталсан. ЮНЕСКО-гоос “соёл”, “хөгжил” хоёрын хоорондын харилцан хамаарлыг тодорхойлохыг зорьж, соёлыг хөгжлийн бодлогын чухал хэсэг болохыг хүлээн зөвшөөрч эхэлсэнтэй холбогдуулан соёлын үйлдвэрлэлийн эдийн засгийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.Үүнийг дагаад соёлын статистик мэдээллийг өргөжлүүлэх, монголын соёл, урлагийн салбарт олон улсын жишигт нийцсэн статистикийн системийг бүрдүүлэх, энэ салбарт шаардлагатай тоон мэдээллийг илэрхийлэх үзүүлэлтүүдийг тодорхойлох нь тулгамдсан асуудлын нэг болж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарахгүй бол соёлын өв, урлагийн бүтээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд орчин үеийн технологи нэвтрүүлэх, инновацийг хөгжүүлэх, соёлын аялал жуулчлалыг идэвхижүүлэх, үндэсний агуулгатай соёлын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд сурталчлах, соёл урлагийн салбарт менежментийн шинэчлэл хийх, хүний нөөцөө чадавхижуулахад чиглэсэн чухал шаардлагууд хөтөлбөрийн хугацаанд хэрэгжих боломжгүй байдалд хүрч болзошгүй юм.
Хүн төрөлхтөн дэлхий нийтээр үйлдвэржилтийн дөрвөн эринийг туулж ирсэн гэж судлаачид үзэж байна. Үүнд:
1730 оноос өмнө - Фермерийн эрин үе
1730 - 1980 он - Хөрөнгөтний эрин үе
1980 - 2000 он - Мэдээллийн эрин үе
2000 оноос хойш - Бүтээлч үйлдвэрлэл, компьютер технологийн эрин үе зэрэг болно. Соёлын үйлдвэрлэл нь дөрөв дэх үед хамаарах бөгөөд хөгжингүй улс орнуудад онолын судалгааны хувьдаа ч, бодлогын түвшинд ч их өсөлтийн үедээ явж байна гэж үзэж болно. Тиймээс үйлдвэржилтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёл, урлагийн бүтээлийг олон улсын зах зээлд сурталчлах, борлуулахад гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай шууд уялдан ажиллахаас гадна холбогдох чиглэлийн төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг идэвхижүүлэх нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох боломжтой юм.

Монгол үндэсний соёлын дархлааны талаарх төрийн үзэл баримтлал хууль эрхзүйн баримт бичгүүдэд туссан нь. Монголчууд бид олон зуун жилийн турш уламжлагдан ирсэн соёлын арвин өвтэй бөгөөд түүнийгээ хадгалж, хамгаалах талаар үе үеийн төр бодлого боловсруулан хэрэгжүүлж иржээ. Төрийн бодлого түүхэн цаг хугацааны эрхээр зарим үед хүчирхэгжиж, зарим үед хүч нь суларч  байнгын хөдөлгөөнд байдаг амьд организм мөн. Бодлогын энэхүү хөдөлгөөнт шинж төлөв нь соёлын өвөрмөц байдлыг бүтээн бий болгож, шинэчлэн өөрчилж, зарим тохиолдолд бүдгэрүүлэн мөхөж доройтоход хүргэдэг байна. Тэгвэл өнөөгийн Монголын нийгэмд энэ үйл явц чухам ямар байгааг судлан тодруулах нь нийгэм, танин мэдэхүйн хувьд чухал асуудал зүйл болоод байгаа билээ.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн”[1] хэмээгээд “Соёл иргэншлийн аюулгүй байдал”-ыг тусгайд нь бүлэглэн авч үзсэн байдаг. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчимд: “Эх оронч үндэсний үзлийг дээдлэх” гэж заасан.
Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхитэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно.[2]
Мөн “Даяаршлын хүчин зүйлийг харгалзах” гэж заагаад Даяаршил улс үндэстний бусдаас хамаарах эмзэг байдлыг нэмэгдүүлж, нөгөө талаас гадаад нөөц боломжийг ашиглан үндэсний ашиг сонирхлоо хамгаалж бататгах боломж олгож байна[3] гэх зэргээр ард нийтийн үндэсний соёл, ухамсар, өөрийн үндэсний бусдаас ялгарах онцлогоо хадгалан үлдэх тухай асуудлыг тусгаж өгсөн. Иймээс үндэсний хэл соёл, зан заншил, соёлын өв, уламжлалыг ард нийтээрээ хэрхэн хамгаалж, хадгалж байгаагаар соёл иргэншлийн аюулгүй байдал буюу үндэсний соёлын дархлааны түвшин тодорхойлогдох боломжтой юм. Дээрх үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдан хэрэгжиж буй хууль эрхзүйн болон бодлогын баримт бичигт үндэсний соёл, өв уламжлал дараах байдлаар тусгагдсан байна. Үүнд: Монголын төрөөс соёлын талаар баримтлах баримтлах бодлогын нийтлэг үндэслэлд “Даяаршил, хотжилт, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр суурин соёл иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед үндэсний уламжлалт соёлоо дээдлэх замаар хүнийг хөгжүүлэхэд дэлхийн улс орнууд анхаарлаа хандуулж байна. Манай орон түүх, соёл, урлагийн арвин өв баялагтай бөгөөд үндэсний соёл нь монголын ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл, гурван цагийг холбосон ариун нандин холбоос мөн. Монгол Улсын төр XXI зуунд улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд соёлын талаар баримтлах бодлогоо өргөжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ хүрээнд монгол хүний оюун сэтгэлгээний хөгжил, сайн сайхан амьдралын нэгэн эх сурвалж, монгол үндэсний оршин тогтнол, аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн нэгэн баталгаа болсон уламжлалт соёлоо хадгалж хамгаалах, хүн төрөлхтний соёлын дэвшилтэт ололттой жишиглэн хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах явдлыг эрхэмд үзэж, төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг тодорхойлов[4] гэжээ. Төрөөс баримтлах бодлогыг “Соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, уламжлах болон соёлын өвийг найдвартай хадгалах, хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, уламжлалт соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний хөгжилд соёлын эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, соёлын үйл ажиллагаанд иргэн, гэр бүл, байгууллагын оролцоог нэмэгдүүлж, монгол хүнийг бага наснаас нь хүмүүнлэг, оюунлаг, соёл, уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд оршино[5] хэмээх зорилгоор батлан хэрэгжүүлж байна. Энэ бодлогын нийтлэг үндэслэл болон зорилгоос ажиглахад үндэсний соёл уламжлалыг үндэстэн оршихуйн суурь дархлаа гэж үзээд, үндэстний хөгжилд иргэн, гэр бүл чухал байр суурьтайгаас гадна Монгол хүнийг бага наснаас нь төлөвшүүлэхэд зорьсон байна. Үүнээс улбаалан Монгол гэр бүлийг уламжлалт соёлын ахуй орчин болохынх нь хувьд төрөөс бодлогоор дэмжих, гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Монгол гэр бүл бол соёлын төрөл зүйлийг цогцоор нь шингээсэн соёлын голомт мөн. “Соёлын төрөл зүйлийг хувь хүн, хэсэг бүлэг, бид бүхний тогтвортой хөгжлийг дэмжих чадвар[6] хэмээгээд “тухайн ойлголт нь биднээс соёлын төрөл зүйлд хандах хандлагаа шинэчлэхийг шаардаж байгаа бөгөөд соёл байнга өөрчлөгдөж, үргэлжийн хөдөлгөөнд оршдог”[7] талаар ЮНЕСКО тайландаа дурьдан сануулсан байна.
Тиймээс “монголын нүүдэлчдийн уламжлалт сонгодог, үндэсний соёлоо дэлхийн соёлын ололттой жишиглэн хөгжүүлэх;”[8] гэсэн Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын зарчмыг сахин хэрэгжүүлэх шаардлагатай бид тулгараад байна. Мөн “соёлын чиглэлээр төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, соёлын үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн тэгш оролцоог хангах;”[9] гэсэн зарчмын дагуу соёлын үйл ажиллагаа, соёлын өвийн хадгалалт хамгаалалт дээр төр, иргэн, гэр бүл ижил тэгш эрх, үүрэгтэйгээр оролцох шаардлагатай болжээ.
Үндэсний соёлын дархлааг сэргээх, соёлын олон төрөл зүйлд зөв хариу үйлдэл үзүүлэх нь Монгол улсын иргэн бүрт хамаатай асуудал. Үүнийг Монгол Улсын Соёлын тухай хуулинд Монгол Улсын иргэн:
-          “үндэсний болон дэлхий нийтийн соёлын үнэт зүйлтэй танилцах, соёлын үйл ажиллагаа явуулах, тэдгээрийн үр шимийг хүртэх;
-          “эх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх, соёлын уламжлалыг өвлөн хөгжүүлэх;”[10] зэрэг эрхтэй.
-          түүх, соёлын уламжлалыг хамгаалж хөгжүүлэх;
-          эх хэл, бичиг үсгээ судлах, өвлөх, өвлүүлэх;
-          гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх;
-          соёлын үнэт зүйлийг элдэв халдлагаас сэрэмжлэн хамгаалах[11] зэрэг үүрэгтэй
болохыг хуульчилан заасан. Эдгээр иргэний эрх, үүрэг үндсэндээ соёлын өвтэй хамааралтай байх бөгөөд ард нийтээрээ соёлын өвийг өвлөн уламжилж, хадгалан хамгаалахыг төрөөс ёсчлон баталжээ. Гэсэн хэдий ч Монгол Улсын Соёлын тухай хуулийн зарим заалт болон үзэл баримтлалын хувьд соёлын байгууллага хоорондын харилцааг зохицуулах хэмжээнд явцуу шинжтэй байгаа нь төрийн бодлого хэрэгжих сул талыг үүтгэж байна. Үүнийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, төрөөс соёлын талаар баримтлах бодлого зэрэгтэй нягт уялдуулан соёлын олон төрөл зүйлийг хамгаалах, үндэсний соёлын дархлааг сэргээх эрх зүйн орчныг чадавхжуулах шаардлагатай  бид өнөөдөр тулгараад байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн бодлого нь байна. Харин түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байна гэж бид үзэж байна.



[1]Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал  1.1.6.Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралт 
[2]Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал  1.2.1.Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралт 
[3]Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал  1.2.6.Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралт 
[4]“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”., Нийтлэг үндэслэл,  Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын хавсралт
[5]“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”., 1.1. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын хавсралт
[6]ЮНЕСКО-гийн Дэлхий дахины тайлан илтгэл “Соёлын төрөл зүйл соёл хоорондын харилцааг тэтгэхүй” Люксенбург., 2009., 4 дэх тал
[7]ЮНЕСКО-гийн Дэлхий дахины тайлан илтгэл “Соёлын төрөл зүйл соёл хоорондын харилцааг тэтгэхүй” Люксенбург., 2009., 5 дэх тал
[8]“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”., 3.1.2.Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын хавсралт
[9]“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”., 3.1.6.Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын хавсралт
[10]“Соёлын тухай” Монгол улсын хууль.,2.4.1.4, Монгол Улсын Их Хурал, 1996 оны 04 сарын 11
[11]“Соёлын тухай” Монгол улсын хууль.,2.5.1.1, Монгол Улсын Их Хурал, 1996 оны 04 сарын 11