Tuesday, December 11, 2018

Бүтээлч аялал жуулчлал ба соёлын дархлаа

Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн онцлог нь жуулчдад шинэ мэдлэг олгох, шинэ мэдрэмж, сонин сайхан сэтгэгдэл төрүүлэх, шинэ дадал, туршлага олгоход оршдог бөгөөд үүнийг жуулчид болон аялал жуулчлалын зорих газар болох орон нутгийн олон төрлийн оролцогчид хамтран бүтээдэгт оршино. Эдгээр оролцогчдын бүтэц:
·         Орон нутгийн оршин суугчид
·         Соёлын зуучлагч
·         Бүтээлч үйлдвэрлэгчид, судлаачид
·         Архитектор ба дизайнерууд
·         Орон нутгийн хөтөч, соёлын өв тээгчид зэрэг талууд бүрдүүлдэг[1] ажээ.
Эндээс харахад бие биенээсээ хамааралтай аялал жуулчлалын гинжин холбоогоор холбогдсон өөр өөр оролцогчдын итгэлцэл дээр аялал, жуулчлалын хяналт болон жуулчдын туршлага бий болдог нь нотлогдож байна. Энэ нь үндэсний өв соёлын туршлага аялал жуулчлалаар дамжин суух боломжтойг илтгэнэ. Аялал жуулчлалын энэ олон талт байдалд илүү зохицох аялал жуулчлалын төрөл бол соёлын аялал жуулчлалын шинэ чиглэл “Бүтээлч аялал жуулчлал” юм. Бүтээлч аялал жуулчлал гэдэг нь жуулчид зорьж очсон газрынхаа өвөрмөц соёлыг нутгийн иргэдийн өгсөн зөвлөгөө зааврын дагуу идэвхитэй судалж, өөрсдийн оролцоог бий болгох ялдамд бүтээлч чадвараа хөгжүүлэх боломж олгодог аялал жуулчлалын төрөл юм.
Дээрх тодорхойлолтоос соёлын аялал жуулчлалын уламжлалт хэлбэрт чухал өөрчлөлт орж буйг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /идэвхитэй оролцоог хөгжүүлэх бүтээлч нөөцийг бий болгогч байгууллага, хүмүүс, судлаач, аялал төлөвлөгчид/, жуулчдын /очсон газартаа бүтээлчээр мэдлэг эзэмшигч хэн нэгэн/ харилцан эрх тэгш бүтээлч үүрэг бий болж байгаагаас харж болно. 
Бүтээлч аялал жуулчлалд уламжлалт аялал жуулчлалын төрлүүдээс давуу тал, илүү чадавх бий. Үүнд:
-          Бүтээлч аялал жуулчлал нь ихэвчлэн үндэсний соёлын биет бус өв болох зан заншил, ардын мэдлэг зэрэг уламжлалт технологид суурилдаг учраас соёлын аялал жуулчлалын уламжлалт төрлүүдээс илүү тогтвортой хөгжих боломжтой.
-          Ямар нэгэн барилга байгууламжаас хамааралгүй байх боломжтой тул дэд бүтэц болон хөрөнгө оруулалтыг бага шаардана.
-          Бүтээлч аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зөөвөрлөх боломжтой, хөдөлгөөнт шинжтэй учир ямар ч байршил, нийгмийн аль ч давхаргад хүргэж үйлчлэх боломжтой.
-          Нутгийн оршин суугчид болон жуулчид хоорондох харилцааны илүү идэвхитэй байх бломжтой. Бүтээлч аялал жуулчлалд нутгийн иргэд хөтөч-багшийн үүрэг гүйцэтгэдэг учраас тэд ур чадвар, үйлдвэрлэлийн туршлагаараа жуулчдаас өндөр үнэлгээ авдаг. Иймд уугуул соёлыг жуулчдад хүргэж үйлчилж байгаа нутгийн иргэд бол нэг ёсондоо мэргэжлийн уран бүтээлчидтэй зүйцэхүйц үүрэг хүлээдэг.[2]
Ихэнхи бүтээлч аялалын хөтөлбөрүүдийн гол чиг хандлага, үзэл баримтлал нь Күнзийн
I hear and I forget
I see and I remember
I do and I understand буюу “Би сонссоноо мартана, Би харснаа санана, Би хийсэн зүйлийнхээ мөн чанарыг ойлгож танин мэднэ” гэсэн философид үндэслэсэн байдаг[3]. Энэ философид үндэслэн Криспин Реймонд /Crispin Raymond/ Шинэ Зеландын бүтээлч аялал жуулчлал хөтөлбөрийг боловсруулаад хэрэгжүүлж байна.
Бүтээлч аялал жуулчлалын үзэл баримтлал, туршлага бий болсноор олон шинжээчид бүтээлч аялал жуулчлалыг дадлагажиж, туршлагажих аялал жуулчлал хэмээн үзэж байна[4]. Бүтээлч айлал жуулчлал бол аялал жуулчлалын энгийн туршлагаас илүү их туршлагыг жуулчдад өгдөгөөрөө онцлог юм. Үүнд:
• Идэвхитэй оролцоо
• Олон талт чадвар 
• Зорих газрын үзмэрүүдийн талаарх тодорхой мэдлэг зэрэг багтана.
Энэ нь зөвхөн нэг хүнээс нөгөөд шууд дамжих замаар буюу хүлээн авагч, зочин хоорондын хамтарсан оролцоо, урьдчилсан нөхцөл, үйл ажиллагааны үр дүн юм. Энэхүү нутгийн иргэд жуулчдын шууд харилцаа холбоо  нь дараах үр дүнг авч ирдэг.
• Жуулчдад орон нутгийн иргэдийн ур чадвар, бүтээлч байдлыг үнэлэх боломж олгодог
• Ур чадвар, мэдлэгийг дамжуулах боломжийг олгодог
• Хамтын бүтээлийг бий болгодог
• Зочид болон хүлээн авагч тал ижил тэнцүү байр суурьтайгаар оролцдог[5]. Эдгээр онцлогууд нь бүтээлч аялал жуулчлал бол зөвхөн хэрэглээ, эдийн засгийн үйл ажиллагаа гэхээсээ илүү харилцаа, үйлдвэрлэл, туршлагыг онцолдог тусгай төрөл[6] болохыг харуулж байна.
Даяарчлалын нийгэмд мөхөх, устахын ирмэгт ирж, зарим соёлын үзэгдлүүд үгүй болж байгаа ч Монгол үндэсний нүүдлийн соёл одоог хүртэл оршин байсаар байна. Даяарчлалыг соёлын төрөл зүйлийн хөгжил, оршин тогтнолд аюул дагуулдаг хэмээн голдуухан үздэг. Бодит байдал дээр бол эерэг, сөрөг үр дагаварын аль аль нь байна. Даяарчлал нь тодорхой утгаар соёлын төрөл зүйлийг ядууруулж болох авч түүний зарим хэлбэрийг өөрчлөгдөхөд тус болдог талтай. Соёл нь даяарчлалын өмнө эрх тэгш байж чадахгүй учир тэсч үлдэхийн төлөө тэмцэл хийж буй соёлын өөрийгөө илэрхийлэх хэлбэрийг хадгалан үлдэхийн тулд бүх талын боломжит хүчин чармайлт гаргах учиртай.[7] Тиймээс соёлын олон төрөл зүйлүүдээс юуны түрүүнд үндэсний соёлын уламжлалт өвөрмөц шинжүүдийг хадгалах, үндэсний онцлогийг даяарчлалын сул талд алдахгүйн тулд “соёлын дархлаа”-г боломжит хувилбараар тогтоон бий болгох нь чухал[8] бөгөөд түүнийг соёлын аялал жуулчлал хийгээд бүтээлч аялал жуулчлалын хослолоор дэмжин тэтгэх зайлшгүй шаардлага байна.  
Монгол улс “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулиндаа:
3.1.5.“соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг; гэж заасан байх бөгөөд Үүнд:
7.1.Дараах соёлын өвийг соёлын биет бус өвд хамааруулна:
7.1.1.эх хэл, бичиг, түүний хүрээний соёл;
7.1.2.аман зохиолын уламжлал, түүнийг илэрхийлэх хэлбэр;
7.1.3.урлагийн тоглох үзүүлбэр;    
7.1.4.үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга  барил;           
7.1.5.уламжлалт гар урлалын дэг сургууль, арга барил;
7.1.6.ардын ёс заншил, зан үйл;
7.1.7.ардын уламжлалт мэдлэг, арга ухаан;
7.1.8.ардын бэлгэдэх ёсны уламжлал;
7.1.9.үндэсний наадам, уламжлалт тоглоом, наадгайн зан үйл;
7.1.10.ардын уламжлалт технологи;
7.1.11.угийн бичиг хөтлөх уламжлал;
7.1.12.гэрийн дэг сургуулийн шилдэг өв уламжлал;    
7.1.13.уламжлалт шашин, шүтлэгийн зан үйл, ёс заншил;
7.1.14.газар, усны уламжлалт нэр;
7.1.15.бусад соёлын биет бус өв [9] зэргийг багтаан хуульчилсан байна.
ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгалах тухай конвенц”-д биет бус өвийг тодорхойлохдоо: “Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зөншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий зэмсэг, эд зүйлс, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ. Биет бус өв нь дараах хэлбэртэй байна.
1.    Соёлын биет бус өвийг тээгч хэлийг оролцуулан аман уламжлал, түүнийг илэрхийлэх хэлбэрүүд;
2.    Урлагийн тоглолт үзүүлбэрүүд;
3.    Заншил, зан үйл, баяр ёслол;
4.    Байгаль болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншлууд;
5.    Уламжлалт гар урлал хэмээн ангилсан байдаг.
Дээрх соёлын биет бус өвийн ангилал нь тэр чигээрээ Монголчуудын оюун санааны баялаг, нүүдлийн соёлын үнэт өвүүд байх бөгөөд даяарчлалын сул талаар устаж үгүй болох аюул нүүрлээд буй асуудлууд юм. Соёлын өвүүд нь соёлын аялал жуулчлал болон бүтээлч аялал жуулчлалын нөөцүүд мөн тул бүтээлч аялал жуулчлалын олон улсад хэрэгжиж буй хөтөлбөрүүдээс туршлага авч соёлын өв, нүүдлийн соёлыг хадгалах шаардлагатай.
Суурин соёлтой улсуудад хэрэгжүүлж буй Бүтээлч аялал жуулчлалын загвар нь Монголын нүүдлийн соёлын орчинтой шууд тохирох боломж бага ч, туршлага судалж, Монголын хөрсөнд буулгах нь үр дүнд хүргэнэ. Тус аялал жуулчлал нь хамтын ажиллагаа, олон талын оролцоо, туршлага, дадлага гэсэн үндсэн загвартай байх бөгөөд үндсэн онцлог буюу туршлага, дадал, мэдлэгийг жуулчдад өгөхийн тулд англи хэл дээрх “experience хэмээх үгний бүхий л утга санааг илэрхийлэх үйл ажиллагаа, үйлчилгээтэй байх шаардлагатай. 
Experience хэмээх үг нь монгол хэл дээр туршлага, дадлага, мэдрэх, амсах зэрэг олон утгыг илэрхийлэх бөгөөд эдгээр үгнүүд нь дараах утгатай байна.
experience – мэдрэх – Гадаад орчин байдлыг ухаан мэдрэлдээ хүлээн авах, хүргэх[10]
Монголд ирсэн жуулчин нүүдэлчний соёлын орчинг, түүний үнэт зүйл, гайхамшигт шинж чанарыг ухаан санаандаа бүрэн дүүрэн хүлээж авах ёстой.
experience – амсах – Эдлэх, үзэх, биеэр үзэж өнгөрүүлэх[11]
Нүүдэлчний соёлыг ойлгож, ухаан санаандаа хүлээн авсан жуулчид тухайн соёлыг биеэр эдлэж, үзэж, үйлдэх шаардлагатай.
experience – туршлага – Ажил амьдралын явцад олж авсан мэдлэг, чадвар, дадал[12]
experience – дадлага – Ажил мэргэжилд дасч, боловсорсон байдал, юмыг хийж сурсан мэдэц, чадвар[13]
Амьдралынхаа нэгээхэн хугацааг Монголын нүүдэлчний амьдралаар амьдарч, тэдний соёлын их уламжлал түүх, үнэт чанараас ойлгож мэдсэн жуулчидад нүүдэлчдийн соёл асар том мэдлэг болох учиртай. 


[14] Бүтээлч аялал жуулчлалын загвар
Бүтээлч аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх асуудалд
Өнөө үед хүмүүс чанартай амьдрах хүсэл эрмэлзэлтэй болсон бөгөөд энэ нь хүмүүсийг орчин цагийн хөгжлийн үйл явцын голд байлгах явдлаар илэрч байна. Өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг нь олон улсууд “аялал жуулчлалын хөгжилгүйгээр” аль хэдийн хөгжсөн, зарим тохиолдолд хэт хөгжсөн байгаа нь хүмүүсийг байгалиасаа, хүн төрөлхтөний соёлоос холдуулсан явдал болж байна.
Аливаа газар дээр шинэ байшин барих хийгээд хуучирсан санааг давтах нь  дээрх асуудлын хариулт байхаа больсон. Өнөөдөр ямар нэгэн газрыг илүү сайн, сайхан болгохын тулд хүмүүс, орон зай, газар орчин хоорондын харилцааны талаар дахин бодох хэрэгтэй болжээ. Газар, орчинг ашиглах замаар цоо шинэ орон зайг бүтээж, өдөр тутмын амьдралын "амьд орон зай"-г бий болгох[15] асуудал чухал байна. Бүтээлч аялал жуулчлал гэдэг нь жуулчид зорьж очсон газрынхаа өвөрмөц соёлыг нутгийн иргэдийн өгсөн зөвлөгөө зааврын дагуу идэвхитэй судалж, өөрсдийн оролцоог бий болгох ялдамд бүтээлч чадвараа хөгжүүлэх боломж олгодог аялал жуулчлалын төрөл юм.  
Физик орон зай, сэтгэлгээний орон зай, нийгмийн орон зай /төлөөллийн орон зай/ зэрэг нь бүтээлч аялал жуулчлалын орчинг бүрдүүлэхэд чухал гэж үзэх ёстой гурван хэсэг юм. Тус гурван орон зайг бүтээхийн тулд мөн гурван элементийг ашигладаг. [16]
Бүтээлч аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагаа нь гурван үндсэн хэсэгт хуваагдана.
а) ‘what we have’ - Материал, хүмүүс, орон нутгийн иргэдийн мэдлэг, өв соёл зэрэг "бидэнд байгаа зүйл"
б) ‘how we do things’- Нөөцийг ашиглах бүтээлч үйл ажиллагааг бий болгох, түүний доторх удирдлагын горим, газар нутгийн төлөөллийн шинж чанар буюу орон зайг бий болгохын тулд "бид хэрхэн хийх вэ?"
c) ‘what we do’- Мэдлэг, бүтээлч байдалтай холбоотой бодлого, төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд бид юу хийх вэ?” зэрэг асуултуудад хариулах шаардлагатай.
Тус асуултуудад хариулан  идэвхтэй байдлаар бүтээлч аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл, алхамуудыг тодорхойлбол:
• Бүтээлч нөөцийг тодорхойлох
• Орон нутгийг олон улсын түвшинд холбож чадах бүтээлч хэсэг буюу татах
   хүчийг бий болгох
• Бусад бүтээлч хүмүүстэй холбогдох хөтөлбөр боловсруулах
• Үйл явдлууд /event/ болон бусад сонирхолтой агуулгыг үүсгэх
• Бүтээлч харагдахуйц болгох[17] зэрэг алхамуудыг хийх хэрэгтэй.
Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн үндсэн зарчмуудаас бүтээлч аялал жуулчлалын чиглэлтэй тун өндөр тохирдог дараах чиглэлүүдийг бүтээгдэхүүнд тусгах хэрэгтэй.
-          Оролцоо өндөртэй зочид болон хүлээн авагчид
-          Соёл урлаг / соёлын туршлага солилцох нөхцлөөр хангах/
-          Байгууламжийн өвөрмөц онцлог шинжийн тухай ойлголт  
-          Гар урлал /туршлага олгох/
-          Мэдээлэл солилцох / хувиргах болон туршлага солилцох/
-          Ажиглагчдаас илүү олон оролцогчид
-          Жуулчид бүтээлч чадамжаа хөгжүүлэх, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой (Аялал жуулчлалын туршлагатай болох)
-          Үйл явц ба бүтээгдэхүүн / бодит байдал болон туршлага олгох үйл явцын аль алиных нь  үнэн байдал
-          Сайхан дурсамж /би сонссоноо мартана, харсанаа санана, хийснээ ойлгоно хэмээх зарчимд тулгуурлах
-          Тохирох арга /Зөв аргаар хүргэх/ гэсэн үндсэн зарчмуудыг агуулсан байх.[18]
Дээрх зарчмуудад тулгуурлан хөгжих бүтээлч аялал жуулчлал нь олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагаанд эерэг үр дүнг бий болох ба тэдгээрээс авч үзвэл:  
Хөрөнгө оруулалт ба хөгжил
Зарим улсуудад бүтээлч аялал жуулчлалын бүтээгдэхүүний хөрөнгө оруулалтыг биет бус соёлд түшиглэн  жижиг тосгонд өргөнөөр бий болгосон байна.
Орон нутаг дахь багш
Бүтээлч аялал жуулчлалын хуваарилалтыг илүү тэгш хуваарилахын тулд тосгоны хүмүүсийг үйлчилгээ үзүүлэгчид бус ур чадварын багш нарын үүрэг рүү шилжүүлдэг. Байрлан ажиллаж оюутан залуус, зочид, дотоод, гадаадын жуулчдад бүтээгдэхүүнийг хүргэх сургагч багш нарыг бэлтгэх шаардлагатай.
Соёлын онцлогийг хөгжүүлэх
Бүтээлч аялал жуулчлалын үр дүнд орон нутгийн соёлын талаар суралцах нь бүтээлч шинж чанарыг бий болгоход тусалдаг бөгөөд энэ нь эргээд бүтээлч салбарыг бий болгодог. Бүтээлч аялалын хөтөлбөрүүд нь Монгол үндэсний өв соёлд тулгуурласан байхаар шийдэх бөгөөд энэ нь тал талын ашигтай байхаар төлөвлөх хэрэгтэй.
Хэл яриа, харилцаа
Бүтээлч аялал жуулчлалд нийтлэг хэллэг байх хэрэггүй байдаг. Учир нь олон ур чадварыг хуулбарлах, амаар харилцах замаар сурч болно. Монгол соёлын өвөрмөц байдлыг ухуулан таниулах ба хийж сургах үйл явцууд нэгэн зэрэг явагдах учраас хэл яриа хийгээд харилцааны ур чадварууд шаардагдана.   
Биет бус байдлын онцлог
Бүтээлч аялал жуулчлалтай холбоотой биет бус туршлага нь санхүүгийн зардал багатай байхыг зорьдог. Монгол соёлыг таниулан сурталчилж буй бусад үйлчилгээний газруудаас ялгарах, аялал жуулчлалын бодит саналыг бий болгох шаардлагатай.
Дүгнэлт
Соёлын ижилсэл хурдацтай явагдаж даяаршиж буй энэ цаг үед үндэсний соёлын онцлогийг хадгалах нь чухал тухай нэлээдгүй ярьж, бичицгээх болсон.
Соёл нь даяарчлалын өмнө эрх тэгш байж чадахгүй учир тэсч үлдэхийн төлөө тэмцэл хийж буй соёлын өөрийгөө илэрхийлэх хэлбэрийг хадгалан үлдэхийн тулд бүх талын боломжит хүчин чармайлт гаргах учиртай.[19]
Үндэсний онцлогийг даяарчлалын сул талд алдахгүйн тулд “соёлын дархлаа”-г боломжит хувилбараар тогтоон бий болгох нь чухал юм. 
Олон улс бүтээлч аялал жуулчлалын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, оюуны соёлын үнэт зүйлсийг жуулчдын идэвхитэй оролцоо, бүтээлч байдлаар амилуулан “хамтын бүтээл” болгон, үр дүнд ойлгомжтойгоор эзэмшүүлэх явдлыг чухалчлах болжээ. Ихэнхи бүтээлч аялалын хөтөлбөрүүдийн гол чиг хандлага, үзэл баримтлал нь Күнзийн:
I hear and I forget
I see and I remember
I do and I understand буюу Би сонссоноо мартана, Би харснаа санана, Би хийсэн зүйлийнхээ мөн чанарыг мэднэ гэсэн философи дээр үндэслэсэн байдаг нь тус аялал жуулчлалын төрлийн эрхэм шинжийг илэрхийлэх мэт.
Өөрийн үндэстний сонин содон гэсэн бүрийг, жуулчдын сонирхсон онцгой гэсэн бүрийг сайтар төлөвлөн бүтээлч аялал жуулчлалын эргэлтэнд оруулах нь даяаршлын эрин зуун, техникийн дарлалд орж буй энэ цаг үед хүнийг байгальтай нь болон өөртэй нь ойртуулах эерэг, том гарц мөн.
Үндэсний өв соёлыг хадгалан авч үлдэхийн тулд тухайн биет бус соёлын өвийг хэрэглэж, ашиглаж, амьд аварч үлдэх нь монголын нийгмийн төдийгүй Монгол үндэстэн оршин тогтнох гол эх сурвалж болно гэж үзэж байна. Тиймээс үндэсний өв соёлыг хэрэглээнд байлгаж, ард нийтээрээ мэдэж үндэсний дархлаагаа тэтгэх нэгэн арга зам нь бүтээлч аялал жуулчлал байх боломжтой. Тиймээс Монгол үндэсний нүүдлийн соёлын бүтээсэн өвүүд хийгээд, үндэсний соёлын өвөрмөц байдал, бусдаас ялгагдах бүхнийг бүтээлч аялал жуулчлалын загвараар илэрхийлэх нь даярчлагдаж буй орчин үед түүнийг хамгаалах чухал алхам болно. Шинэ тутам дэлхийд хөгжиж буй бүтээлч аялал жуулчлалын төрлийг эх орондоо нутагшуулан хөгжүүлэх, нүүдлийн соёлтой тохируулан бэхжүүлэх нь эн тэргүүний асуудал бөгөөд соёлын аялал жуулчлалын өсөж яваа хөгжлийн түвшингээ бүтээлч аялал жуулчлалын цоо шинэ хандлагатай нягт уялдуулан хөгжүүлэх нь Монгол үндэсний соёлын дархлааг тогтооход том түлхэц болно.    
Номзүй
1.      Мөнхбадрал.Б “Үндэсний соёлын дархлаа ба соёлын аялал жуулчлал”, УБ.,2017
2.      МУШУАкадеми “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, М-С”, УБ.,2008
3.      МУШУАкадеми “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, А-Г”, УБ.,2008
4.      МУШУАкадеми “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, Т-Х”, УБ.,2008
5.      МУШУАкадеми “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, Д-Л”, УБ.,2008
6.      Самуель П.Хантингтон “Иргэншил хоорондын мөргөлдөөн, Шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам” . УБ., 2005
7.      “Соёлын өвийг хамгаалах тухай” Монгол улсын хууль., 2014
8.      Сумъяа.Б “Монголын нүүдэлчдийн соёл: оршихуй, эс оршихуй”, УБ., 1998
9.      ЮНЕСКО-гийн Дэлхий дахины тайлан илтгэл “Соёлын төрөл зүйл соёл хоорондын харилцааг тэтгэхүй” Люксенбург., 2009
10.  James M.Wilce Jr  Social and cultural lives of immune systems in a semiotic universe
11.  James M.Wilce Jr  Social and cultural lives of immune systems in a semiotic universe
12.  Raj Kumar BhattaraiCultural configuration and immunity to change
13.  Richards,GRecipes for sustainable creative tourismKeynote presentation at the 3rd Business Management International Conference (BMIC 2015), Pattaya, Thailand, 5th November, 2015
14.  Richards, G. The chаllenges of creative tourism., өгүүлэл., 2014
15.  Richards, G. and Raymond, C. Creative Tourism. ATLAS News, 2000
16.  Richards,G Creative Tourism and Cultural Events  Paper presented at the 2nd Forum on UNESCO Creative  Cities Network Incheon, Republic of Korea, 2010.
17.  Richards.G Making places through creative tourism? , Keynote Presentation at the Conference “Culture, Sustainability, and Place: Innovative Approaches for Tourism Development”, Ponta Delgada, Azores, Portugal, 13th October 2017.
18.  Richards.G The development of creative tourism in Asia” Paper presented at the ARTEPOLIS VI INTERNATIONAL SEMINAR in Bandung, Indonesia, 5th August 2016.



[1] Richards,GRecipes for sustainable creative tourismKeynote presentation at the 3rd Business Management International Conference (BMIC 2015), Pattaya, Thailand, 5th November, 2015
[2]Richards, G. The chаllenges of creative tourism., өгүүлэл., 2014
[3]Richards, G. and Raymond, C. Creative Tourism. ATLAS News, 2000
[4]Richards,GRecipes for sustainable creative tourismKeynote presentation at the 3rd Business Management International Conference (BMIC 2015), Pattaya, Thailand, 5th November, 2015
[5] Мөн тэнд
[6] Мөн тэнд
[7] ЮНЕСКО-гийн Дэлхий дахины тайлан илтгэл “Соёлын төрөл зүйл соёл хоорондын харилцааг тэтгэхүй” Люксенбург., 2009., 28 дахь тал
[8] Мөнхбадрал.Б “Соёлын дархлаа хэмээх ойлголтын тухайд” өгүүлэл.,2016
[9] “Соёлын өвийг хамгаалах тухай” Монгол улсын хууль., 2014
[10] МУШУАкадеми “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, М-С”, УБ.,2008, 1285 дахь тал
[11] МУШУАкадеми “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, А-Г”, УБ.,2008, 2078 дахь тал
[12] МУШУАкадеми “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, Т-Х”, УБ.,2008, 2078 дахь тал
[13] МУШУАкадеми “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, Д-Л”, УБ.,2008, 634 дэх тал
[14] Richards,G Creative Tourism and Cultural Events  Paper presented at the 2nd Forum on UNESCO Creative  Cities Network Incheon, Republic of Korea, 2010.
[15] Greg Richards Making places through creative tourism? , Keynote Presentation at the Conference “Culture, Sustainability, and Place: Innovative Approaches for Tourism Development”, Ponta Delgada, Azores, Portugal, 13th October 2017.
[16] Greg Richards Making places through creative tourism? , Keynote Presentation at the Conference “Culture, Sustainability, and Place: Innovative Approaches for Tourism Development”, Ponta Delgada, Azores, Portugal, 13th October 2017.

[17] Б.Мөнхбадрал “Үндэсний соёлын дархлаа ба соёлын аялал жуулчлал”, УБ.,2017, 91 дэх тал
[18] Greg Richards The development of creative tourism in Asia” Paper presented at the ARTEPOLIS VI INTERNATIONAL SEMINAR in Bandung, Indonesia, 5th August 2016.
[19] ЮНЕСКО-гийн Дэлхий дахины тайлан илтгэл “Соёлын төрөл зүйл соёл хоорондын харилцааг тэтгэхүй” Люксенбург., 2009., 28 дахь тал