Wednesday, September 14, 2016

Соёлын дархлаа /төгсгөл/



Соёлын ижилсэл хурдацтай явагдаж даяаршиж буй энэ цаг үед үндэсний соёлын онцлогийг хадгалах нь чухал тухай нэлээдгүй ярьж, бичицгээх болсон. Даяарчлалыг соёлын төрөл зүйлийн хөгжил, оршин тогтнолд аюул дагуулдаг хэмээн голдуухан үздэг. Бодит байдал дээр бол эерэг, сөрөг үр дагаварын аль аль нь байна. Даяарчлал нь тодорхой утгаар соёлын төрөл зүйлийг ядууруулж болох авч түүний зарим хэлбэрийг өөрчлөгдөхөд тус болдог талтай. Соёл нь даяарчлалын өмнө эрх тэгш байж чадахгүй учир тэсч үлдэхийн төлөө тэмцэл хийж буй соёлын өөрийгөө илэрхийлэх хэлбэрийг хадгалан үлдэхийн тулд бүх талын боломжит хүчин чармайлт гаргах учиртай.[1] Тиймээс соёлын олон төрөл зүйлүүдээс юуны түрүүнд үндэсний соёлын уламжлалт өвөрмөц шинжүүдийг хадгалах, үндэсний онцлогийг даяарчлалын сул талд алдахгүйн тулд “соёлын дархлаа”-г боломжит хувилбараар тогтоон бий болгох нь чухал юм. 
Олон улсын судлаачдын үзэл хандлагаас харахад соёлын дархлаа гэдэг нь сэтгэл судлал, хувь хүний сэтгэл зүй, физиологи, улс төр судлал, шашны хүчин зүйлс, үндэсний хэл соёлын асуудал, хүүхэд насны дурсамж зэрэг олон хүчин зүйлсийн уулзвар оршин байдаг тухайг судалгаануудаараа тодорхойлжээ.
            Энд соёлын дархлаа болон соёлын харилцан үйлчлэл, ижилслийн тухай асуудалд олон ургальч сэтгэлгээгээр хандах нь соёлын олон төрөл зүйл үсрэнгүй хөгжиж буй өнөөгийн нийгэмд илүүтэй зохицно.
            Тухайн улс, үндэстэн, угсаатны соёлын өвөрмөц байдал, бусдаас ялгаран онцгойрох хэв маягуудад гадны нөлөө орж өөрчлөгдөх байдал, хүч түрэмгийлэн тулгаж устгах оролдлого гаргах  тохиолдол бүрд хариу үйлдэл үзүүлэх чадварыг “Соёлын дархлаа” хэмээн ойлгож болно. Соёлын дархлааг өдөөх шалтгаан олон янз байж болох бөгөөд чухамхүү түүнийг зөв ажиллуулах нь тун чухал юм. Үндэсний онцлогийг хадгалах гэсэн ухамсар буюу оюун санааны дархлаа чухал болохыг олон судлаачид хүлээн зөвшөөрдөг нь тухайн асуудлын гол цөм нь болж байна. 


[1] ЮНЕСКО-гийн Дэлхий дахины тайлан илтгэл “Соёлын төрөл зүйл соёл хоорондын харилцааг тэтгэхүй” Люксенбург., 2009., 28 дахь тал

No comments:

Post a Comment