Wednesday, September 14, 2016

Монгол үндэсний соёлын дархлааны талаарх зарим үзэл хандлагууд



Монгол улсын хэмжээнд соёлын дархлааны асуудлыг нарийвчлан судалж тодорхойлолт, ойлголт гаргасан бүтээл одоогоор үгүй бөгөөд хувь хүмүүс, сэтгүүлчид, соёлын салбарын зүтгэлтнүүд тус ойлголтын талаар өөр өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн яриа, ярилцлагууд цөөн боловч бий. Эдгээр соёлын дархлааны тухай илэрхийлсэн хувь хүмүүсийн үзэл бодлуудыг шинжлэн үзвээс:  
Үндэсний дархлаа гэж хэдэн хүн туг хиур бариад бий болгочихдог зүйл огтоос биш бөгөөд үндэсний дархлааг зөвхөн соёл урлаг, үндэсний онцлогийг шингээсэн өв уламжлал бус эдийн засаг нийгмийн бүхий л шатанд өргөх цаг нь болсон[1] хэмээн нэгэн нийтлэлч бичсэн байх бөгөөд энэ нь нийгмийн элдэв асуудалд үндэсний соёлын дархлаа сул байгаа бөгөөд үүнээс үүдэн улс, эх оронд аюул учрана гэж үздэг нийтлэг ойлголт юм.
Нэг талаас Хятадын иргэншлийн нөлөө даяаршлийн эрин үед улам тэлж, нөгөө талд Монголын соёлоор уусахгүй байх дархлаа болж байсан нүүдлийн хэв маяг аажим халагдаж суурьшмал нийгмийг бүтээж явна[2] хэмээн соёлын дархлалын талаар Монголчуудын уламжлалт нүүдлийн хэв маягаа алдаж, хотжин суурьшиж байгааг нийтлэлч Б.Индра илэрхийлжээ. Дэлхий даяар хавтгайран даяаршиж буй энэ цаг үед Монголчууд дархлаатай байгаа эсэхэд, чухам юунд хүрэхийн төлөө хаашаа явж байгаагаа мэдэж буй эсэхэд эргэлзэнгүй бичсэн түүний нийтлэлээс монголын нийгэмд суурин ба нүүдлийн хосолмол шинж зэрэгцэн оршиж байна, цаашид суурин хэв маяг зонхилох тухай, үүнийг нийгмийн хүчин зүйлийн өдөөлт гэвэл бид ямар хариу үйлдэл хийж даван туулах вэ гэсэн асуултын шинжтэй байгаа юм. Энэ нь мөн л Монголын нийгмийн нийтлэг асуулт мөн.
Соёлын тухай хуулийг танилцуулсан ярилцлагадаа ССАЖЯ-ын сайд асан Ц.Оюунгэрэл дархлааны тухай ойлголтыг зарим талаар дурдсан бөгөөд үүндээ: Соёлын дархлаа сайтай улс гэдэг бол дэлхий нийтийг тогтвортой байлгахад гол нөлөө үзүүлдэг гэж үзээд байна. Тиймээс соёлын дархлааг сайжруулах нь дэлхийн энх тайвны асуудал гэсэн үг. Улс болгон өөрийнхөө бий болгосон соёлоо өөрсдийнхөө бодлогоор хамгаалах ёстой шүү гээд Юнескогийн конвенц гарчихсан. Даяарчлагдаж, өндөр технологийн дэвшлийн нөлөөгөөр дэлхий хавтгай болж буй энэ үед соёл уламжлалыг яаж хамгаалдаг вэ гэхээр яалт ч үгүй цагийн квотыг л тавьдаг. Соёлын дархлааг телевиз, интернэтийн талбарт их алддаг юм байна. Тиймээс арилжааны телевизийн контентын 50, олон нийтийн телевиз, радиогийн 60 хувь нь Монгол контент байна гэж тусгасан тухай ярьсан бөгөөд энэ нь соёлын дархлааг сайжруулахын тулд хийж буй алхам мөн юм. 
Монголчууд соёлын дархлаагаа үлгэр домогтоо хадгалдаг[3] хэмээн МУСГЗ яруу найрагч Г.Мэнд-Ооёо дурдсан байх бөгөөд энэ нь ардын аман зохиолд үндэсний соёлын нарийн элемент хадгалагдаж, түүгээрээ хүүхдээ хүмүүжүүлж Монгол хүнийг бий болгодог байсныг хэлж байгаа бололтой.  Үлгэр домог буюу ардын аман зохиол дахь сургамж, сургаалиудаар Монгол хүнийг бүтээж түүгээрээ нийгмийн ороо бусгаа, ямар ч тохиолдлыг даван чуулах чадвартай байжээ. Тус уламжлал орчин үед алдагдсанаас Монгол сэтгэхүй суларч, түүгээрээ үндэсний соёлын дархлаа суларч байгаатай санал нийлнэ. 
Соёл, оюуны дархлаа гэж үнэ цэнтэй зүйл байдгийг бид умартсан шиг байна. Ер нь соёл, оюуны дархлаа нимгэрэх тусам дуураймхай чанар нь төдий чинээ ихэсдэг. Хүмүүн гэдэг бодгаль нь бүтээлчээр сэтгэж, туурвих чадвартай амьтан байдаг байтал бид нөгөө чадвар нь буюу байгалиас заяасан дуурайх маягаар явна гэдэг бол сэтгэлгээнийхээ хэлбэрийн хувьд ч гэсэн ядуу зүдүү болж хувирч байна[4] хэмээн С.Дулам /Sc.D/ доктор өгүүлсэн байна. Мөн нүүдэлчин ахуй чинь бүрэн алга болчихоогүй байгаа. Хөдөө сууж байгаа хүн амын ихэнх нь нүүдэлчин ахуй соёлтойгоо хэвээрээ байгаа. Өөрийнхөө соёлд элэгтэй, ивээлтэй хүний хувьд цагийн цагт үнэ цэнэтэй зүйл хэвээрээ байдаг. Тэрийг хүн сэхээрч боддоггүй. Өв соёлоо авч үлдэхийг боддог хүнийг сэхээтэн гэдэг.  Боддогүй хүмүүсийг буруутгаж байгаа юм биш. Тэгээд л өдөр тутмын хэрэглээндээ баригдаад л амьдарна биз. Юмаар дутаагүй сайхан амьдарч  байна гэж бодох байх. Гэвч хүний амьдралын утга учир бол энэ биш. Амьдралын утга учир  гэдэг чинь өөрийнхөө хэдэн үе уламжилж, залгамжилж ирсэн соёл уламжлалаа хойч үедээ дамжуулах, тэрнийхээ төлөө тодорхой алхам хийх , тэрнийхээ төлөө амьдрах гэдэг нэг ийм утга дэлхийн соёлт орнуудад байдаг. Ялангуяа монголын соёлын нэг онцлог бол нүүдэлчний соёл учраас цээж эрдэм, биет бус соёл маш ихтэй. Биет бус зүйл чинь үрэгдэх, мартагдах, эргэж буцалтгүйгээр алга болох аюултай байдаг. Үүнийг л мэдэрч ойлговол их сайхан байна.[5] хэмээн соёл уламжлал, түүний үнэ цэнийн талаар ойлгомжтой, тодорхой өгүүлсэн нь бий. 
Соёл судлаач Б.Сумъяа /Sc.D/ доктор өөрийн “Монголын нүүдэлчдийн соёл: оршихуй, эс оршихуй” бүтээлдээ:
Өнөөгийн Монголын ард түмний соёл нь гарваль зүйн хувьд бие биеэс ялгавартай боловч харилцан нягт холбоотой, язгуур, уламжлалт, олдмол, үүсмэл гэсэн үндсэн дөрвөн махбодоос бүрдэж байна.[6]
Монголын ард түмний үндэсний соёлын бүтэц-үүргийн ийм онцлог нь түүний өөрийгөө хадгалж, оршин амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа нэг ёсны дархлалын механизм юм.[7]
Монголын ард түмний соёл ийнхүү дотооддоо гарваль зүйн олон махбодоос бүрдэж байгаагийнхаа ачаар уламжлал-шинэчлэлийн зүй тогтлыг нотлон өөрийн дахин давтагдашгүй онцлог чанараа хадгалахын зэрэгцээгээр шинэ нөхцөлд зохицон хөгжиж байна. Энд өгүүлсэн дархлалын механизм гэдэг нь хэний ч оролцоогүйгээр өөрөө ажилладаг автомат хэрэгсэл арай биш юм. Ийм учраас сайхи бүрдэл махбодуудын тэнцвэрт харьцааг тухайн ард  түмэн, төр засаг, соёлын янз бүрийн субъектүүд зөв барьж, уг дархлалын механизмийг зөв ажиллуулж чадвал үндэсний соёл хүн төрөлхтөний соёлын дэвшилт үнэт зүйлсээр баяжин, эрүүл саруул цэцэглэн хөгжиж, харин буруу ажиллуулах аваас нэг бол өөрийн гэсэн хэлбэр дүрс, өнгө аястай соёлын бие даасан бодгаль байх боломжоо алдах, эсвэл үндэснийхээ явцуу хүрээнд хашигдан эрин цагийнхаа алхаанаас хоцрох хоёр талтай ажээ[8]  хэмээн үндэсний соёлын өвөрмөц байдал хийгээд түүний дахин давтагдашгүй чанар нь өөрийн өнгө байдалтайгаар оршин тогтнох хэрэгтэйг дурьджээ.
Дээрх судлаач, эрдэмтэд, нийтлэлчдийн өгүүлснээс үзвэл соёлын дархлаа хэмээх ойлголтыг үндэсний соёлыг өөрийн өнгө хэлбэрээр, үл дуурайн хадгалах, залуусын соёлд тодорхой хэмжээгээр үндэсний агуулга шингээж Монгол хүн байлгахын тухайд үзэл бодлоо илэрхийлсэн байгаа нь ажиглагдаж байна.


[1] Н.БадамжавҮндэсний дархлаагаа эрхэмлэхүйн учир” http://www.shuud.mn/content/read/336115.htm
[2] Б.Индра “Бид дархлаатай юу” http://indra.niitlelch.mn/content/5364.shtml
[3] https://www.internom.mn/номын-түлхүүр/гмэнд-ооёо
[4] http://ulzii-uyalga.blogspot.com/2011/07/blog-post.html
[5] http://www.hunnu.mn/content/42109.htm
[6] Б.Сумъяа “Монголын нүүдэлчдийн соёл: оршихуй, эс оршихуй”, УБ., 1998, 25 дахь тал
[7] Мөн тэнд
[8] Б.Сумъяа “Монголын нүүдэлчдийн соёл: оршихуй, эс оршихуй”, УБ., 1998, 26 дахь тал

No comments:

Post a Comment