Wednesday, September 14, 2016

Олон улсын зарим эрдэмтдийн соёлын дархлааны талаарх үзэл хандлагууд




Дэлхий дахинд соёлын дархлааны тухай асуудлаар “Дархлааны тогтолцоон дахь нийгэм, соёлын амьдрал”, “Соёлын тогтолцоон дахь шашин, хувьсал, дархлал судлал” зэрэг өгүүлэл, судалгаа хийгдсэн байх бөгөөд энэ нь антропологи, сэтгэл судлал, дархлал судлал болон сэтгэцийн эрүүл мэнд зэрэг ихэвчлэн нэг нэгнээсээ үл хамаарах  олон салбаруудын уулзвар дээр яригдах асуудал болжээ. Тухайн салбаруудын судлаачдын үзэл хандлагуудыг шинжлэн үзвэл: 
Лоуренс Ж.Кирмаер /Laurence J. Kirmayer, Professor and Director of the Division of Social and Transcultural Psychiatry at McGill University/, Жеймс В.Пеннебекер /James W. Pennebaker, Professor of Psychology, University of Texas, Austin/ зэрэг сэтгэл судлаач, эрүүл мэндийн сэтгэл зүйчид, Рожер Ж.Бүүт /Roger J. Booth, Professor of Molecular Medicine and Pathology at The University of Auckland/ зэрэг дархлал судлаачид соёлын хүн судлалын үүднээс дархлааны тогтолцоон дахь нийгэм соёлын асуудлыг судлан үзсэн байдаг. 
Дархлааны тогтолцоон дахь нийгэм соёлын амьдрал нь нийгэм дэх эгзэгтэй асуудлуудын гүүр болж өгдөг тухай тэдний судалгаанд байх бөгөөд Жеймс В.Пеннебекер /James W. Pennebaker, Professor of Psychology, University of Texas, Austin/ зэрэг сэтгэл судлаач, эрүүл мэндийн сэтгэл зүйчид, Рожер Ж.Бүүт /Roger J. Booth, Professor of Molecular Medicine and Pathology at The University of Auckland/ Катерин П.Дависон /Kathryn P. Davison, works with Tonic Capital, 594 Broadway, Suite 309, New York 10012/  нар соёлын дархлааны асуудлыг хэлний асуудалтай холбогддог талаар ижил байр суурьтай байдаг.  Жеймс В.Пеннебекер гурван өөр угсаатны хүмүүс дээр судалгаа хийснээр дээрх дүгнэлтийг гаргасан байдаг. Аливаа үндэстэний соёлын хамгийн гол хэсэг нь хэлний соёл бөгөөд үндэстний хэлэнд гадны хэлний соёл орж ирэх үед үндэсний соёлын дархлаа ажиллаж эхлэх хэрэгтэй[1] тухай тэд өгүүлсэн байдаг.     
Жеймс Т.Вильс /James M. Wilce Jr,  Associate Professor of Anthropology at Northern Arizona University/  ба Лари Ж.Прайс /Laurie J. Price, Associate Professor and Chair of Anthropology at California State University, Hayward/  нар  үндэстэн дамнасан соёлын ашиг тусыг харилцан адилгүй  бодож байх ёстой гэж үздэг.   Жеймс Т.Вильс ба Лари Ж.Прайс нар дэлхийн ард түмнүүд соёлын үнэлэмж ялгаатай агуулж болохыг угсаатны зүйн баримтаар баталсан.  Ингэхдээ тэд зүйрлэл нь соёлын дархлааг бий болгодог талаар дурссан бөгөөд  нийгмийн элдэв эмгэг нь соёл руу халдахад соёлын зүйрлэл нь хариу үйлдэл үзүүлдэг[2] гэжээ.  Зүйрлэл нь бидний оюун санаатай хамт амьдардаг гэж үзжээ.  Өөрийн угсаатны соёлыг гадны соёлтой зүйрлэсний улмаас уусан нэвчих бөгөөд эсвэл хариу үйлдэл үзүүлж дархлаагаа бий болгодог тухай  тодорхойлжээ.
Маргот Лион /Margot Lyon,  Senior Lecturer in Anthropology at The Australian National University/ бэлгэдлийн шинжилгээг нэн тэргүүнд тавиж судалсан бөгөөд нийгмийн танин мэдэхүйн үйл явцын харилцан  хамаарлыг судалсан[3] байдаг. Энэ нь нэг талаас нийгэм, соёлын антропологийн онцлогийг  гаргасан.
Антропологийн үүднээс соёлын дархлааг тайлбарлахаас гадна PNI /psychoneuro-immunology/ буюу сэтгэл мэдрэлийн дархлал судлалын үүднээс Марк В.Флинн /Mark V. Flinn, Professor of Anthropology at University of Missouri, Columbia /, Симус А.Дэкер /Seamus A. Decker , Visiting Lecturer in Anthropology at Yale University/ , ба Томас В.Макдад /Thomas W. McDade, Assistant Professor of Anthropology at Northwestern University/  нарын эрдэмтэд судалгаа хийсэн байна. Тэдний судалгаанд хүүхэд насны  сэтгэл зүйн дарамт нь соёлын дархлааны хариу үйлдлийг багасгадаг талаар, Соёлын таарамж болон хүмүүсийн дундах стрессд үзүүлэх хариу үйлдэл, өсвөр үеийнхний амьдрал, үйл явдалд стресс болон дархлааны үйл ажиллагааны онцлог хэрхэн илэрдэг талаар өгүүлсэн байдаг.  Бага насны сэтгэл зүйн элдэв дарамтны үед тухайн бодгалийн дархлааны тогтолцоо ажиллахгүй тохиолдолд сэтгэлзүйн гүн дарамтанд орж болох ба энэ нь цаашлаад үндэсний соёлын дархлаанд сөргөөр нөлөөлдөг[4] хэмээн Марк В.Флинн үзжээ. Орчин үеийн техник технологийн өсөлт хөгжилт нь хүмүүст дарамт үүсгэдэг бөгөөд энэ нь үндэсний соёлын дархлааг сулруулдаг нэг хүчин зүйл болж буйг нотолсон гэж үзэж байна.
Тэд хүн төрөлхтөний нийгмийн үйл ажиллагаа, соёлын үүрэг ба нийгэм соёлын бодит байдалд дархлааны үүргийг нэмэгдүүлэх нь чухал болохыг судалгаандаа дурдсан байна.
Дэвид Напиер  /David Napier, Professor and Dana Faculty Fellow in Anthropology and Art at Middlebury College/  хүн төрөлхтөн өөрсдийн дадал туршлагагүйгээр хэрхэн соёлын дархлааны үүргийг ойлгох талаар асуудал дэвшүүлсэн. Танин мэдэхүйн онолын асуудалд “дадал, туршлага” хэмээх ойлголт нь соёлын дархлаанд нөлөөлдөг байна. Эмч нар хүний амь нас, эрүүл мэнд, өвчний оношод холбоотой зүйлсийг мэддэг шиг нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд соёлын дархлааны тогтолцоог илүү их мэдэж, шаардагдах онолуудыг боловсруулах хэрэгтэй[5] хэмээгээд  сэтгэл зүйн нийгмийн хэм хэмжээнд дархлааны төрлүүд хэрхэн нөлөөлөх талаар авч үзсэн байна. 
Лоуренс Ж.Кирмаер /Laurence J. Kirmayer Professor and Director of the Division of Social and Transcultural Psychiatry at McGill University/-ын гол сэдэв бол бие бодгаль болон соёлын харилцан үйлчлэлийн асуудал юм. Тэрээр феноменологи, биологи, улс төр /phenomenological, biological, and political/ гэсэн гурван ойлголтыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй бөгөөд эдгээр нь практик дээр сэтгэлзүйн физиологи / psychophysiology /, нийгмийн физиологи / sociophysiology /, угсаатны зүйн / ethnog­raphy / асуудлууд дээр үндэслэнэ[6] хэмээн үзжээ. Түүний судалгаанаас соёлын дархлаа нь:
-           хүний сэтгэлзүй ухамсрын түвшинд оюун санааны хүрээнд,
-          хүний бие бодгалийн түвшинд өмсөж буй хувцас соёлын хүрээнд гэх мэтээр,
-          угсаатны томоохон соёлын хүрээнд гэсэн гурван асуудлыг авч үзсэн нь
сонирхол татахуйц байна.
Жэспер Соренсен /Jesper Sørensen Department of Culture and Society Aarhus University, Denmark/ Соёлын тогтолцооны дархлал судлалын талаар судалгааны өгүүлэл бичсэн байдаг. Тус өгүүлэлд:  Соёл иргэншил бүхэл бүтэн цул биш бөгөөд хүмүүсийн үүргийг соёлын загварт хэрхэн тодорхойлох нь эргэлзээтэй. Харин соёл бол ертөнцийг танин мэдэх харилцааг тайлбарлах суурь ба загвар, бичиглэлийн олонлог юм.  Загварын үүрэг нь биологийн болон соёлын хувьд тодорхой зорилго бүхий үйл ажиллагааг удирдан чиглүүлэх тусгал юм. Цаашилбал тэд үйл явдлыг тайлбарлах  боломжийг хүмүүст олгох суурь болох ба дүгнэлт гаргахад тусалдаг. Өөрөөр хэлбэл үйл явдалд дүгнэлт, тайлбар гаргахад модел буюу загварыг ашигладаг[7] талаар тодорхойлжээ. Нийгэмд хүчтэй байгаа шинэ соёлын загвар луу бусад соёлын хэлбэрүүд уусан орж өөрчлөгддөг буюу мутацид орж танигдахгүй болдог бөгөөд ийм байдлаас аврах боломж бол соёлын дархлаа юм. [8] Мөн тэрээр шашны уламжлал нь соёлын дархлаанд нөлөөлж байдаг тухай дурдсан бөгөөд хүний зан суртахуун, бие мах бодийн үйл ажиллагаанаас илүү шашин шүтлэг нь соёлын дархлаанд нөлөөлж болох тухай, ингэснээр соёлын хувьсал өөрчлөлтийн талаарх ойлголтод эргэлзээтэй байдал үүсдэг тухай өгүүлсэн байна.
Дээрх судлаач эрдэмтдийн судалгааны өгүүлэл, тодорхойлолтоос үзэхэд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд соёлын ижилслийг хүсэж уусган нэгтгэх үйл явцыг түргэсгэх хандлагатай байгаа ч түүнд хариу үйлдэл үзүүлэх хүчин зүйл болох соёлын дархлааны асуудал чухал болохыг дор бүрнээ баталсан байна.


[1] James W. Pennebaker  “Тelling stories: the health benefits of disclosure
[2] James M. Wilce Jr and Laurie J.Price Мetaphors our bodyminds live by
[3] James M.Wilce Jr  Social and cultural lives of immune systems in a semiotic universe
[4] Mark V.Flinn and Barry G.England Childhood stress: endocrine and immune responses to Psychosocial events
[5] David Napier Stressful encounters of an immunological kind: the social dimensions of psychoneuroimmunology
[6] Laurence J.Kirmayer Reflections on embodiment
[7] Jesper SørensenReligion, Evolution,and an Immunology of Cultural Systems
[8] Мөн тэнд 
/үргэлжлэл бий/

No comments:

Post a Comment