Wednesday, May 21, 2014

Бүтээлч аялал жуулчлал- Аялал жуулчлалын шинэ төрөл болох нь



          Бүтээлч аялал жуулчлал- Аялал жуулчлалын шинэ төрөл болох нь
СУИС-ийн СИС-ийн ССПБ-ийн багш Б.Мөнхбадрал /МА/
/  утас: 99195418  цахим хаяг:  badguy_ok@yahoo.com,
Блог: www.powerisculture.blogspot.com
Хураангуй
             Соёлын аялал жуулчлалын Европ дахинд хөгжиж эхэлсэн түүх хийгээд сүүлийн жилүүдэд хөгжиж буй байдал нь аялал жуулчлал, тэр дундаа соёлд тулгуурласан аялалын сонирхолтой тал юм. 1970-аад оноос дөнгөж Соёлын аялал жуулчлал хэмээх нэр томъёо гарсан бөгөөд энэ богино хугацаанд асар өндөрт хүрч хөгжсөн байдаг. Гэвч суурин соёлтой ард түмний дунд тодорхой асуудлууд гарч соёлын аяллын хөгжилд саад учруулах явдлууд гарах болсон. Уламжлалт соёлын аялал жуулчлалын төрлүүдийг хөгжүүлэх түүнээс гадна жуулчны эрэлт хэрэгцээнд нийцсэн аяллын төрлийг бий болгох нь Европын гол асуудал болсон. Энэ цаг үед бүтээлч аялал жуулчлалын асуудал цоо шинээр гарч ирсэн нь аялал жуулчлалаа шинэ төрхөөр хөгжүүлэх боломжийг олгосон байна. Олон судлаачид шинэ хөтөлбөр төслүүдийг санаачлан хэрэгжүүлж олон газарт бүтээлч аялал жуулчлалын хандлагыг түгээж байна. Тус аялал жуулчлалыг Монголын нөхцөлд тохируулан ашиглах нь манай улсын аялал жуулчлалд туйлын тохиромжтой болох нь харагдаж байна. Бүтээлч аялал жуулчлалын дуудлага ирж байна.
Түлхүүр үг: Соёлын аялал жуулчлал, бүтээлч аялал жуулчлал, туршлага, бүтээлч хөтөлбөр,
Оршил
Олон улсын аялал жуулчлалын зах зээлд өөрийн өнгө төрхтэйгөөр гарч ирж буй цоо шинэ төрөл бол Бүтээлч аялал жуулчлал юм. Европ тив нь аялал жуулчлалын хөгжлийн түвшин өндөрт хүрсэн бөгөөд соёлын аялал жуулчлал нь зөвхөн суурин соёл иргэншилд тохирсон барилга байшин, хөшөө дурсгалаар хязгаарлагдсан явцуу байдалтай хөгжиж байв. XXI зуунаас дэлхий даяар бүтээлч сэтгэлгээ, бүтээлч үйлдвэрлэлийн талаар хүчтэй яригдах болсноор аялал жуулчлалын салбар мөн “бүтээлч” байх шаардлага урган гарсан. Соёлын аялал жуулчлал нь хэт явцуу болсон Европ тив бүтээлч аяллыг хөгжүүлж аялал жуулчлалын салбараа шинэ өнгө төрхтэй болгохыг сүүлийн жилүүдэд эрчимтэй оролдож байгаа билээ. Жуулчин буюу хэрэглэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчдийн хамтын ажиллагааг нутгийн оршин суугчдын ур чадвараар дэмжиж бий болгох тус аялал нь өөрийн биеэр үнэт зүйл, уран бүтээлийг туурвидаг, жуулчны сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлдөг “зөөлөн” шинжтэй аялал жуулчлалын төрөл юм.
Бүтээлч аялал жуулчлалын үндэс суурь нь уламжлалт соёл, хүн ардын авъяас, ур чадвар, соёлын биет бус өв байдаг учир энэ байдал нь нүүдлийн уламжлалт соёлтой Монголын хувьд туйлын тохиромжтой аялал юм. Энэ удаагийн судалгааны шинэлэг тал, ач холбогдол нь бүтээлч аялал жуулчлалын олон улсын түвшин дэх өнөөгийн байдал болон улс орнуудын санаачлан хэрэгжүүлж буй төслүүд, хөгжлийн гарцыг харж буй гадны судлаачдын үзэл бодлыг шинжилж тухайн аяллын давуу тал, хөгжүүлэх боломжид дүгнэлт хийх явдал болно.
Европын соёлын аялал жуулчлалын даац хэтрэлт
Соёлын хэрэглээ нь аялал жуулчлалын салбарт үргэлж хөндөгддөг. Эрт цагаас нааш хүмүүс аялахдаа үргэлж л өөрийн соёлоос өөр бусдын соёл, иргэншлийг сонирхон судалдаг байжээ. Grand tour буюу боловсролын их аян, төгсгөл хэсэгтээ эрчүүдийн боловсролыг бий болгож байсан энэ үед ч энэ агуулга хэрэгжиж байв.Grand tour буюу боловсролын их аян нь 18-19-р зууны үед Европд үргэлжилсэн Сонгодог ба Сэргэн мандалтын үед үндэсний музейнүүд бий болоход нэлээд түлхэц, суурь болсон байна. Учир нь аялагчид чухал баримтууд болон соёлын үнэн тоймыг эрэлхийлж, эх хувилбарыг олж үзэхийн тулд аялал хийж байсан. Хүмүүс өөрсдийн зочилсон улсуудын бэлгэдэлийг мэдэх, жуулчдын үндсэн хэрэгцээ нь музей болон хөшөө дурсгалуудаас тухайн орны соёлын тогтолцоо, онцлогийг мэдэх зэрэг байснаас нийтийн аялал үүссэн.
1980аад оноос аялал жуулчлал, соёл болон өв нь хоорондоо уялдан хөгжих болсон. Ингэснээр өнөөг хүртэл тус ойлголт, салбарууд нь өөр хоорондоо тодорхой үүрэг хүлээлцэж орших болжээ. Жишээ нь: Өмнөд Америк тивд байх хамгаалалттай бүс нутаг болон Европ тивийн эко музей хоорондоо уялдаатай ажиллан ижил түвшинд хөгждөг.[1]
Соёл болон аялал жуулчлалын хамтын үйл ажиллагааг дүрслэвэл:  Соёл нь өөрийн өвөрмөц байдлаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн, нөөцийг хангана. Харин аялал жуулчлал нь соёлыг шаардлагатай хөрөнгө, мөнгө, санхүүжилтээр хангадаг. Соёлын орон зай, соёлын үзмэрүүд нь эдийн засгийн боломжийг өөртөө гаргаж чадна гэсэн хандлагыг харж болхоор байна.
1990ээд оноос Европд олон төрлийн шинэ төслүүдийг хэрэгжүүлснээр  аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ нь музейн нийлүүлэлтээс давж эхэлсэн.  Нийтийн аялал, далайн эргийн аялал зэргийн нөлөө орсноор  аялал жуулчлалын хөгжилд үр ашигтай төрөл болох “соёл”-ын боловсролын хэсэг уналтанд орох магадлалтай болж байв. Гэвч соёлын аялал жуулчлалын хөгжил хэвийн үргэлжилсээр сүүлийн 10-аад жилийн дэлхийн аялал жуулчлалын 40%-ийг эзэлж чадсан байна.[2]
Хотын аялал жуулчлалын гол өгөөж нь соёл болдог бөгөөд аялал жуулчлалын зах зээлийн үндсэн элементүүдийн нэг нь зайлшгүй хотын богино аяллууд болдог.  Хүн амын хэт нягтаршил болон соёлын байгууламжуудын доройтол зэрэг нь дэлхий дахинд соёлын сэтгэл татах үзмэрүүдэд тулгарч буй гол асуудал болж байна.Соёлын аялал жуулчлалын хөгжилд тулгарсан  тус асуудал, үйл явдал нь Европын хувьд гэнэтийн явдал биш байсан. Ялангуяа Италийн Венецид нийтийн соёлын аялалын асуудлууд нь аялал жуулчлалын хөгжилд нь нөлөөлж эхэлжээ. Аялал жуулчлал судлаач Руссо Венецийг тодорхойлохдоо:  Аялал жуулчлалын орон зай нь хумигдсан, хөрөнгө оруулалтын дутагдалд орсон, аялал жуулчлалын үнэ цэнэ нь буурч, аяллын бүтээгдэхүүн болон соёлын үйлдвэрлэлийн доройтолд орж жуулчид ихэвчлэн өдрийн аялал хийдэг буюу тэнд маш бага хугацааг өнгөрөөдөг,  аялал жуулчлалын хөгжлийн “буруу эргэлт”-д орсон хот гэж дүгнэжээ.[3]
Европын соёлын аялал жуулчлал нь “хотын давуу эрх”-тэйгээр хөгжиж байсан бөгөөд энэ байдал нь сүүлийн үед судлаачдын дунд маргаан үүсгээд байна. Жуулчдад төдийлөн чухал биш, зарим тохиолдолд огт хэрэггүй зүйлсийг хотын аялал үзүүлдэг гэх хэсэг байхад хот соёлын гол төв болдог гэх хэсэг ч байна. Ер нь болтус аялал нь байгальд ээлтэй аяллын төрлийн шаардлагад маш багаар нийцдэгийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг юм. Аялал жуулчлалын хөгжлийн түвшин нь тухайн орон нутгийн иргэдийн идэвхи, үүргээс шалтгаалдаг. Орон нутгийн иргэд буюу “соёлын өв тээгчид” болон нэлээд зүйлийг соёлын олон талын сонирхолдоо зарцуулж чадах жуулчдын хооронд үүсэх холбоонд “соёл” маш чухал элемент болдог. Тиймээс суурин соёлын олон жилийн түүхтэй, соёлын биет бус өвийн нөөц багатай улс гүрнүүдэд соёлын аялал жуулчлалын даац хэтрэх хандлага бий болж байна. Харин энэ байдал нь нүүдлийн уламжлалт соёлтой, оюуны соёлын арвин нөөцтэй Монгол улсын соёлын аялал жуулчлалд төдийлөн хамаарахгүй бөгөөд харин ч эерэг байдал үүсэх тал бий.

“Бүтээлч чадвар”-ийн өсөлт
Даяаршлын үеийн эдийн засгийн эмзэг байдал, хот, бүс нутгийн нөөц болон асар хурдацтай өрсөлдөөний хооронд энэ зуунд соёлын аялал жуулчлалын хөгжлийн шийдвэрлэх цаг үе тохиолдож байна. Судлаач Турок: “Олон улсууд өөрсдийн өрсөлдөх чадвар, давуу талаа тодорхойлж, сонирхол татахыг оролдсоноор тоглоомд хожих нэг түлхүүр болно” гэжээ.  Түүний зөвлөгөөг судалсан зарим улсууд ижил төстэй стратеги боловсруулан томоохон хөшөө барималууд босгон, соёлын өвийн дурсгалуудаа эвент жуулчлалын нөөц болгон ашиглаж байна. Гэвч соёлыг хуулбарлан, дуурайн үзүүлэх нь соёлын аялал жуулчлалын хөгжлийг бүрэн хангаж чадах нь эргэлзээтэй юм.[4]Соёлын өв дангаараа аялал жуулчлалд хангалтгүй бөгөөд ямар ч тохиолдолд бүтээлч байдал маш шаардлагатай байгааг олон улс хүлээн зөвшөөрч байна. Хүмүүсийн эрэлт, хэрэгцээ өөрчлөгдөж сэдэвчилсэн парк, музей, шоппинг буюу дэлгүүр хэсэх аялал, бэлтгэсэн тоглолт мэт аялал хийхээс илүүтэйгээр сурч мэдсэн, таниж ойлгосон, өөрийн биеээр эзэмших чиглэлд хандаж байна. Үйлдвэрийн аргаар хийсэн бүтээл нь хэрэглэгчдийн өөрсдийн гараар бүтээсэн бүтээлээс үнэ цэнийн хувьд илүү гарах нь эргэлзээтэй байдаг тул энэ эдийн засгийн давуу нөхцлийг үүсгэх хандлага бий. Туршлага олгох бүтээгдэхүүн нь өндөр мэдрэмжтэйгээр хувьсаж буй энэ зууны аялал жуулчлалын талбар болон соёлын хөгжилд давамгайлж байна. Өвөрмөц бүтээлч туршлагад суурилсан эрэлт нэмэгдэх нь илт байгаа тул үйлдвэрлэгчид соргогоор мэдэрч тохирсон бүтээгдэхүүнийг санал болгох хэрэгтэй. Үйлдвэрлэгчдээс бэлэн бүтээгдэхүүн авах /анхдагч үр дүн/ нь хэрэглэгчдэд чухал биш бөгөөд тэд өөрийн хувь нэмрийг оруулж “хамтын бүтээл” бий болгохыг /хоёрдогч бүтээлч үр дүн/ хүсэх болсон.[5] “Бүтээлч зэрэглэл”-д багтах бүтээлч ажил, арга хэмжээ, бүтээлч илэрхийлэлээр туршлагыг бий болгоно.  Бүтээлч зэрэглэл нь хүрээлэн буй орчны “зөөлөн” бүтээгдэхүүнүүд, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн хийсэн үзмэр болон тэдний бүтээсэн орон зай юм. “Бүтээлч” хэмээх ойлголт бараг амны уншлага болсон цагт эрэлт хэрэгцээ болон үйлдвэрлэл  тогтворжино.[6] Хотууд жуулчид болон байнгын оршин суугчдад зориулсан үзмэрүүдээ бүтээлч зэрэглэлд оруулахыг эрмэлзэх хэрэгтэй. Аялал жуулчлал дахь бүтээлч туршлагын эрэлтийг нэмэгдүүлснээр эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тогтворжих магадлал ихсэнэ. 
Бүтээлч аялал жуулчлал гэдэг нь: Жуулчдад өөрсдийн зорин очсон газрынхаа өвөрмөц шинжийг  үүрэг даалгавартайгаар идэвхитэй оролцоогоор судлан, өөрсдийн бүтээлч чадвараа хөгжүүлэх боломж олгодог аялал жуулчлалын төрөл юм.
Дээрх тодорхойлолтоос соёлын аялал жуулчлалын уламжлалт хэлбэрт чухал өөрчлөлт орж буйг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /идэвхитэй оролцоог хөгжүүлэх бүтээлч нөөцийг бий болгогч/, жуулчдын /очсон газартаа бүтээлчээр мэдлэг эзэмшигч хэн нэгэн/ харилцан эрх тэгш бүтээлч үүрэг бий болж байгаагаас харж болно.
Бүтээлч аялал жуулчлалд Европын уламжлалт аялал жуулчлалын төрлүүдээс давуу тал, илүү чадварууд хэд хэд бий. Үүнд:
-          Соёлын биет бус өвд суурилдаг учраас соёлын аялал жуулчлалын уламжлалт төрлүүдээс илүү тогтвортой хөгжих боломжтой
-          Барилга байгууламжаас хамааралгүй байх боломжтой тул дэд бүтэц болон хөрөнгө оруулалтыг бага шаардана
-          Бүтээлч аялал жуулчлал нь хөдөлгөөнтэй, зөөврийн шинжтэй учир бүхий л байршил, нийгмийн бүх давхаргад ижил оролцоотойгоор үзүүлэх боломжтой
-          Нутгийн оршин суугчид болон жуулчдын хоорондох харилцааны түвшин дээшилнэ. Энгийн аяллын үйлчилгээний ажилчнаас багшийн үүрэг чухал учраас нутгийн уугуул оршин суугчид нь ур чадвар, үйлдвэрлэлийн туршлагаар жуулчдаас өндөр үнэлгээ авдаг учраас мэргэжлийн уран бүтээлчидтэй ижил үүрэг хүлээдэг.[7]
Өнгөрсөн жилүүдэд бүтээлч аялал жуулчлалын хөгжлийн загварыг олон улсууд дэмжин ашиглаж байна. Зарим тохиолдолд аялал жуулчлалын уламжлалт загварыг бүтээлч үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлж байгаа бол бусад тохиолдолд бүтээлч аялал жуулчлалын маркетинг болон хөгжүүлэх талаар сургалтууд зохион байгуулж байна. Дээрх хоёр хэсэг нь  бүтээлч аялал жуулчлалын хөгжлийн философи болон маркетингийн хөгжил, бодит байдлыг хослуулдаг.
Бүтээлч аялал жуулчлалын хэрэглээ
Ихэнхи бүтээлч аялалын хөтөлбөрүүдийн гол чиг хандлага, үзэл баримтлал нь Күнзийн:
I hear and I forget
I see and I remember
I do and I understand буюу Би сонссоноо мартана, Би харснаа санана, Би хийсэн зүйлийнхээ мөн чанарыг мэднэ гэсэн философи дээр үндэслэсэн байдаг.[8] Энэ философиор Криспин Реймонд /Crispin Raymond/ Шинэ Зеландын бүтээлч аялал жуулчлал хөтөлбөрөө хөгжүүлж эхэлсэн.  Шинэ Зеландад үйлдвэрлэгч болон хэрэглэгчидийн хоорондын холбоог хөгжүүлэх, оролцогчдын идэвхитэй бүтээлчээр эзэмших арга барилыг тодруулах зорилготой тус хөтөлбөрөөр ясан сийлбэр хийх, нэхмэл, сүлжмэл, вааран эдлэл хийх зэрэг олон төрлийн сургалтуудыг явуулж сургагч багш нарыг бэлтгэсэн байна.
            Жуулчдын бүтээлч үйлдвэрлэл нь уламжлалт өв соёлын нөөцийн шинэ нөхцөл, шинэ санаа, олж авсан мэдлэгээрээ шинэ хэв маягаар тайлбар хийх зэргээр илрэх бөгөөд бүтээлч нөөцийг дэмжиж байдгаараа онцлог юм.
Тайвань дахь бүтээлч аялал жуулчлалын вааран эдлэлийн сургалт нь бүтээлч туршлага ба мартагдашгүй дурсамжийг үлдээдэг эерэг ач холбогдолтой. Тэд вааран эдлэл бүтээх ажлын загвар болон бүтээлч аялал уулчлалын хоорондын уялдааг бий болгож жуулчдад санал болгосон. Бүтээлч жуулчдыг системчлэн сургах загвар нь өндөр ач холбогдолтой байгаа юм. Бүтээлч жуулчдыг үндсэн 5-н ангилалд хувааж байна.
-          Шинийг эрэлхийлэгч
-           Мэдлэг, ур чадварт суралцагч
-          Хамтран аялагчын чадвараас мэдээлэл авагч
-          Ногоон орчин буюу байгалаас мэдээлэл авагч
-          Амралт, чөлөөт цагаа хэмнэлт жуулчин[9]
Тэд өөрсдийн онцлогт тохирсон өөр өөр арга замуудаар бүтээлч аялалыг хийж, өөрсдийн үнэлэмжид тохирсон бүтээлч туршлагыг авч байдаг.
Барселонагийн бүтээлч аялал жуулчлалд Испани гал тогооны соёл болон  хоол хийх сэдэл өндөртэй жуулчдыг хүлээн авхад хэзээд бэлэн байдаг. Сонирхсон оролцогч буюу жуулчид мэргэжлийн тогооч болон нутгийн иргэдтэй хамтран өөрийн идэвхитэй оролцоогоор туршлага олж авдаг. Жуулчид зочилсон газартаа идэвхитэйгээр хоолны соёлтой нь танилцаж, биеэр хийж үзсэнээр бодит мэдрэмж, дурсамжыг авах бөгөөд хамгийн чухал нь Каталоны гал тогооны соёлын жинхэнэ мөн чанарыг ойлгоно гэж Барселонагийн бүтээлч аялал жуулчлал амладаг.
            Монгол улсад бүтээлч аялал жуулчлалын хөтөлбөрийн эхлэлийг тавих цаг нь ирсэн. Соёлын аялал жуулчлалын арвин их нөөцийг бүтээлч аялал жуулчлалтай зөв уялдуулан хөгжүүлж дээрх хоёр төрлийг нэгэн зэрэг хөгжүүлэх маш том боломж манай улсад байна гэж үзэж байна. Монгол улсын хувьд бүтээлч үйлдвэрлэл, соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээлч сэтгэхүйн хандлагууд нэлээд яригдаж тэднийг соёлын аялал жуулчлалтай холбох асуудал дэвшигддэг боловч бүтээлч аялал жуулчлалын төрлийг хөгжүүлэх асуудал огт хөндөгдөөгүй байгаа юм. 
            Соёлын аялал жуулчлалын өвөрмөц нөөцтэй, уламжлалт зан заншил, оюуны соёл арвинтай манай орны хувьд бүтээлч аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг олон талтайгаар төлөвлөж дээрх хоёр төрлийг хослуулан хөгжүүлэхээр төлөвлөх нь цаг үеийн шаардлага болжээ.
Бүтээлч аялал жуулчлалыг үйлдвэрлэх нь
Бүтээлч аялал жуулчлалын хөгжлийн шинэ хандлагаар орон нутгийн байдал болон хэрэгцээнд тулгуурласан өөр өөр арга замуудаар хэрэгжих олон төрөл зүйлүүд тодорхойлогдож байна. OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын Аялал жуулчлал ба Бүтээлч эдийн засгийн тайланд бүтээлч аялал жуулчлалыг хөгжилд тохиолдсон 3-н үндсэн хэлбэрийг тодорхойлсон нь:
-          Хувийн хэвшлийн санаачлага
-          Төрийн байгууллагын санаачлага
-          Хамтын ажиллагааны гэсэн хэлбэрүүдийг нэрлэжээ.[10]

Хувийн хэвшлийн удирдлага
Дээр дурьдагдсан Криспин Реймонд /Crispin Raymond/-ын хувийн санаачлагаар Шинэ Зеландын хойд аралтай хамтран хэрэгжүүлсэн Шинэ Зеландын бүтээлч аялал жуулчлал хөтөлбөр нь бөтээлч аялал жуулчлалын анхны хөтөлбөр байсан. CTNZ-Шинэ Зеландын бүтээлч аялал жуулчлал хөтөлбөр нь өв уламжлалыг ач холбогдолтой бүтээлчээр хөгжүүлсэн төдийгүй дэлхий даяар хэрэгжих олон төслүүдэд эерэг нөлөө үзүүлсэн. Жишээлбэл CTNZ-д ажиллаж байсан сайн дурын ажилтан Елена Пасинжер /Elena Pschinger/Австрийн бүтээлч аялал жуулчлал хөтөлбөрийг санаачилсан байдаг. Австрийн бүтээлч аялал жуулчлал хөтөлбөрийг /http://www.kreativreisen.at/en.html/ Елена Пасинжер /Elena Paschinger/, Херман Пасинжер /Hermann Paschinger/нар санаачилсан бөгөөд тэдолон төрлийн ажилжааны хандлага, зочид буудлуудтай хамтарсан бүтээлч санаачлагууд болон хувийн хэвшлийн олон үйлчилгээнүүдийг бий болгосон.[11] Мөн ЮНЕСКО Санта фэ бүтээлч аялал жуулчлалын хөтөлбөрийг санаачлан Криспин Реймонд /Crispin Raymond/-оор удирдуулан хэлтэс ажиллуулж эхэлсэн байна.
            Каталоны соёлд тулгуурласан соёлын санг Барселонагийн бүтээлч аялал жуулчлал хөтөлбөр FUSIC нэртэйгээр байгуулсан. Энэ хөтөлбөр ньCTNZ-ээс тэс өөр бөгөөд тухайн улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар Каталоны хэл, соёлд тулгуурлан үйл ажиллагаа явуулаад хэдэн жилийг үзжээ.FUSIC хэдийгээр хувийн хэвшил боловч Барселонад аялах хүсэлтэй жуулчдад зуучлагчийн үүргийг гүйцэтгэж бүтээлч аялал жуулчлалын маш идэвхитэй үйл ажиллагааг явуулж байна.
            Барселонагийн бүтээлч аялал жуулчлал хөтөлбөр нь Европын зөвлөлөөс дэмжлэг авсаны үндсэн дээр Олон улсын бүтээлч аялал жуулчлалын сүлжээ /www.creativetourismnetwork.org/ байгуулж улмаар олон улсын хурлыг Барселонад хийснээр бүтээлч аялал жуулчлалын баримт бичиг цэгцрэх алхмууд хийгдэж нийтдээ 25 байгууллага тус сүлжээнд нэгдээд байна.
            Бүтцийн хувьд ойролцоо боловч бүтээлч аялал жуулчлалын цар хүрээгээр бага хэмжээний боловч ижил түвшинд очих маркетинг төлөвлөгөөтэй байгууллагууд бас байдаг. Жишээ нь: Pon le caraal turismo /www.ponlecaraalturismo.com/нь Испаний Галисиад байрлах бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг залуу бүтээлч тайлбарлагч нарын хөтөлбөр юм.

Төрийн байгууллагын удирдлага
Хувийн хэвшлийн байгууллагууд бүтээлч аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа төрийн байгууллагыг хамруулахыг нэлээдгүй өдөөж өгдөг. Анхны ач холбогдол өндөртэй төрөөс удирдсан хөтөлбөр бол 2012 онд CTN-ий 2-дахь хурлаас санаачлагдан хэрэгжиж эхэлсэн Бүтээлч Парис хөтөлбөр юм. Бүтээлч сургалт, төслийг хөгжүүлэх холбооноос олон төрлийн сургалтууд зохион байгуулж  www.creativeparis.info портал сайтаараа 400 урлагийн төвүүдийн жагсаалтыг гаргаж, гэрэл зураг, мультмэдиа, дижитал урлаг, загвар, дизайн, үнэт эдлэл, хоолны соёл болон утга зохиолын 1000 гаруй сургалтууд явуулдаг. Энд сар бүр 10000 гаруй бүтээлч жуулчид, зочид ирдэгийн 30% нь олон улсын жуулчид байдаг.[12] Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн түр оршин суугчид Парист гэртээ байгаа мэт амьдарч орчин үеийн технологийн урлаг болон гал тогооны соёлтой танилцан “хамтын бүтээл”-ийг мэргэжлийн бус уран бүтээлчийн үүднээс туурвин бий болгож байна. “Welcome City Labs” нэртэй цуврал бүтээлч аяллыг зохион байгуулснаар жуулчин болон байнгын оршин суугчдын хамтын бүтээл амжилттай бүтээгдэж болохыг нотлосоор өдийг хүрчээ.[13]
            Төрийн байгууллагаар удирдуулж буй хамгийн сүүлийн үеийн хөтөлбөрүүдийн нэг бол 2013 онд Бразилийн  Олон улсын хурлаас санаачлан гаргасан Порто Алегре төсөл юм. Порто Алегре нь бүс нутгийн соёл, хоол ундны урлаг, загвар болон уламжлалт гаучог бүтээлч аялал жуулчлалд идэвхитэй санал болгож байгаа юм.
            Хэмжээний хувьд бага боловч бүтээлч аялал жуулчлалын хөгжлийн нэг жишээ бол Голландын Hertogenbosch хэмээх жижиг хотын хөгжлийн загвар юм. Соёлын өв ховортой тус хотынхон аялал жуулчлалаа хөгжүүлэх шаардлага тулгарсан үед хамгийн алдартай хотын оршин суугчид болон дундад зууны үеийн зураач Hieronymus Bosch-ийг сонгон бүтээлч хөтөлбөр боловсруулсан байна. Тус хотод бүх амьдралынхаа ихэнх хэсгийг өнгөрөөсөн зураачийг хотынхоо бэлгэ тэмдэг болгон маркетинг хийсэн нь амжилтанд хүрчээ. Зураачийн төрсөний ой болоод түүний амьдралын үйл явдлуудыг тэмдэглэн өнгөрүүлж түүнийгээ олон улсын аялал жуулчлалын сүлжээнд бүртгүүлснээр Фламандын соёлыг сонирхогч хүмүүс тус хотруу зүглэх болсон байна.

Хамтын ажиллагаа
            Санта фэ бүтээлч аялал жуулчлалын хөтөлбөрийн /www.santafecreativetourism/онцлог нь уламжлалт хээ угалз, вааран урлал зэргийг төрийн байгууллага удирдан, орчин үеийн технологи болох 3D хэвлэл зэргийг хувийн хэвшил хариуцан бүтээлч аялал жуулчлалын эргэлтэнд оруулдаг явдал юм. Санта фэ-ийн нэр хүнд нь хотын соёлын амьдралыг брэнд болгон хөгжүүлж бүтээлч туршлага олгох цогц үйлчилгээ болгон бэхжүүлсэнд оршино. Мөн тус хөтөлбөр нь хотыг эдийн засгийн хувьд дэмжих, арилжааны суурьтай байдаг.
            Австрид Бүтээлч Австри хөтөлбөрийг хөгжүүлэх маркетингийн төлөвлөгөөндөө бүтээлч жуулчны зорих очих газрууд бий болгохыг зорьсон. Тэд Вена, Зальцбург, Граз, Ворарлбург гэрэг хотуудад худалдааны газруудад маркетингийн төв байгуулж, вебсайтууд, сонин сэтгүүлүүд, үзэсгэлэн болон олон төрлийн сувгаар бүтээлч агуулгатай хотын сурталчилгааг хийсэн нь хамтын ажлын үр дүн байсан.[14]

Бүтээлч аялал жуулчлалын хөгжлийн зам
            Бүтээлч аялал жуулчлал нь аялал жуулчлалын бодлого баригчид, судлаачид болон аялал жуулчлалын зах зээлийн анхаарлыг татан аялал жуулчлалын үйлдвэрлэлийн захаас төв рүү чиглэн соёлын аялал жуулчлалыг дагуулан аажмаар ойртож байна. Жуулчны зорин очих газрууд бүтээлч аялал жуулчлалын саналуудыг хүлээж, зах зээлийн талбар нь илүү ихээр, зогсоо зайгүй өвөрмөц зүйлсийг хайсаар байна.
            Бүтээлч аялал жуулчлалын хөгжлийн орон зайг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын Аялал жуулчлал ба Бүтээлч эдийн засгийн тайланд бүтээлч үйлдвэрлэл болон аялал жуулчлалын нэгдэл[15] гэж тодорхой үндэслэж гаргажээ. Ихэнх тодотолдолд байгалийн үйл явдал, кино урлаг, уран зохиолд илэрдэг боловч бүтээлч үйлдвэрлэлийн загвар, дизайн, уламжлалт соёл, болон гал тогооны урлаг нь аялал жуулчлалтай төгс зохицдог.
Жишээ нь: Телевиз болон поп урлагт амжилт гаргаж өнгөрсөн 10-аад жилд аялал жуулчлал болон бүтээлч эдийн засгийн стратегийг амжилттай хэрэгжүүлсэн “Korean wave буюу Солонгосын давалгаа”-г нэрлэж болно. Олон улсын зах зээлд бүтээлч үйлдвэрлэл болон мэдээллийн хэрэгслийн бүтээлч агуулгаар түгээх, олон улсын жуулчдыг Солонгост ирэх боломжийг нээхэд Засгийн газраас нь бодлогоор тусалж дэмждэг. Солонгос соёл, Солонгосын бүтээлч үйлдвэрлэлийг кино, загвар, хоолоор дамжуулан худалдаж сүүлийн 5-н жилд олон улсын аялал жуулчлалын зах зээлд асар хурдацтай хөгжүүлсэн.
            Нэлээд олон улсад гал тогооны соёлыг бүтээлч аялал жуулчлалд идэвхитэй оруулж үр дүнд хүрсэн байгааг Шведийн жишээнээс харж болно. Хоол бол хүний сэдрэмжийг шаарддаг бөгөөд түүнийг өөрийн идэвхитэй оролцоогоор бүтээсэн хэрэглэгч гоозүйн мэдрэмж, өндөр үнэ цэнийг мэдэрдэг нь бүтээлч аялал жуулчлалын хөгжлийн хамгийн чухал хэсэг болсоор ирсэн. Олон улсын гал тогоо, соёл, урлаг, аялал жуулчлалын холбоо /IGCAT/өөр өөр бүтээлч үйлдвэрлэлийн төрлүүд болон эрэлт хэрэгцээг бий болгож хөгжлийн асуудалд судалгаа хийдэг байгууллага юм. Тэдний үзэж байгаагаар бүтээлч үйлдвэрлэлийн олон төрөл нь бүтээлч аялал жуулчлалын үндсэн нөөц болох бөгөөд улс орон бүрд тус аяллыг хөгжүүлэх асар өргөн боломж байгаа юм.
Дүгнэлт
            Аялал жуулчлалаар дэлхийд тэргүүлэх хамжээний байр суурин дээр өдийг хүртэл байсан Европын аялал жуулчлал судлаачдын зарим өгүүлэл, судалгаануудаас тэдний аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөвд дүгнэлт хийж болхоор байна. Олон жилийн турш тэргүүлж байсан орон зайгаа Зүүн өмнөд Азид алдах нь нэгэнт тодорхой болсон тус тивийн аялал жуулчлалаа, тэр дундаа соёлын аялал жуулчлалын хөгжлөө мухардалд оруулахгүй байх том гарц нь бүтээлч аялал жуулчлал болжээ. Олон улсууд бүтээлч аялал жуулчлалын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, оюуны соёлын үнэт зүйлсийг жуулчдын идэвхитэй оролцоо, бүтээлч байдлаар амилуулан “хамтын бүтээл” болгон, үр дүнд ойлгомжтойгоор эзэмшүүлэх явдлыг чухалчлах болжээ. Бүтээлч аялал жуулчлалын дуудлагыг Европ хүлээн авсан бөгөөд аялал жуулчлалын хөгжлийн чигийг тэр зүг рүү хандуулж эхэлсэн байна.              
            Ихэнхи бүтээлч аялалын хөтөлбөрүүдийн гол чиг хандлага, үзэл баримтлал нь Күнзийн:
I hear and I forget
I see and I remember
I do and I understand буюу Би сонссоноо мартана, Би харснаа санана, Би хийсэн зүйлийнхээ мөн чанарыг мэднэ гэсэн философи дээр үндэслэсэн байдаг нь тус аялал жуулчлалын төрлийн эрхэм шинжийг илэрхийлэх мэт.
            Өөрийн үндэстний сонин содон гэсэн бүрийг, жуулчдын сонирхсон онцгой гэсэн бүрийг сайтар төлөвлөн бүтээлч аялал жуулчлалын эргэлтэнд оруулах нь даяаршлын эрин зуун, техникийн дарлалд орж буй энэ цаг үед хүнийг байгальтай нь болон өөртэй нь ойртуулах эерэг, том гарц мөн.
            Бүтээлч аялал жуулчлал хэмээх нэр томъёо XXI зууны эхэн үед л яригдаж эхэлсэн бөгөөд сүүлийн 5-10 жилд Европод маш хүчтэй түгэж байна.
            Монгол орны хувьд шинэ тутам дэлхийд хөгжиж буй бүтээлч аялал жуулчлалын төрлийн эх орондоо нутагшуулан хөгжүүлэх, нүүдлийн соёлтой тохируулан бэхжүүлэх нь эн тэргүүний асуудал юм. Соёлын аялал жуулчлалын өсөж яваа хөгжлийн түвшингээ бүтээлч аялал жуулчлалын цоо шинэ хандлагатай нягт уйлдуулан хөгжүүлэх нь Монголын аялал жуулчлалын салбарын нэгэн том хувьсал байх болно.   

            “Бүтээлч аялал жуулчлалын дуудлага” Монголд ирж буй энэ цаг үед Монголын бүтээлч аялал жуулчлал хөтөлбөрийг нэн даруй санаачлан хэрэгжүүлэх нь хурдтай урагшилж буй дэлхий нийтийн алхаатай хөл нийлүүлж буй явдал мөн хэмээн дүгнэж байна.





Ашигласан материал

1.      Butler, R. (1990) Alternative Tourism: Pious Hope Or Trojan Horse? Journal of Travel Research,
2.      ETC (2005) City tourism & culture: The European experience. Brussels: European Travel Commission.
3.      Hjalager, A-M. and Richards, G. (2002) Tourism and Gastronomy. London: Routledge.
4.      OECD (2012) Food and the Tourism Experience. Paris: OECD.
5.      OECD (2014) Tourism and the Creative Economy. Paris: OECD.
6.      Richards, G. (2014)Thechаllenges of creative tourism
7.      Richards, G. (1996) Cultural Tourism in Europe. Wallingford: CAB International.
8.      Richards, G. (2001a, ed.) Cultural Attractions and European Tourism. CAB International, Wallingford.
9.      Richards, G. and Raymond, C. (2000) Creative Tourism. ATLAS News,
10.  Russo.A.P /2002/ Vucious circle of Tourism Development in Heritage Cities, Annals of Tourism research 
11.  Turok I, (2009) The distinctive city: pitfalls in the pursuit of differential advantage. Environment andPlanning
Цахим хаяг



[1]Richards, G. (2014) The chellenges of creative tourism
[2]Мөн тэнд
[3]Russo.A.P /2002/ Vucious circle of Tourism Development in Heritage Cities, Annals of Tourism research
[4]Turok I, (2009) The distinctive city: pitfalls in the pursuit of differential advantage. Environment andPlanning
[5]Richards, G. (1996) Cultural Tourism in Europe. Wallingford: CAB International
[6]Richards, G. (1996) Cultural Tourism in Europe. Wallingford: CAB International\
[7]Richards, G. (2014)The chаllenges of creative tourism
[8]Richards, G. and Raymond, C. (2000) Creative Tourism. ATLAS News,

[9]Richards, G. (2014)The chаllenges of creative tourism
[10]OECD (2014) Tourism and the Creative Economy. Paris: OECD
[11]/http://www.kreativreisen.at/en.html
[14]Richards, G. (2001a, ed.) Cultural Attractions and European Tourism. CAB International, Wallingford
[15]OECD (2014) Tourism and the Creative Economy. Paris: OECD.

No comments:

Post a Comment