Sunday, December 1, 2013

Соёлын аялал жуулчлал



Соёлын аялал жуулчлалын тухай ойлголт Орчин үед дэлхий дахины хөгжлийн ерөнхий чиг хандлага нь зохистой хэрэглээ бүхий байгаль орчин, нийгэм, соёлд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улс түмнүүд өөр өөрсдийн өвөрмөц онцлог шинж төрх, нөөц баялагаа хадгалах замаар улам бүр даяарчлагдах шинжтэй болж байна. Ийм үндсэн чиглэлтэй ихээхэн уялдаж буй салбар бол аялал жуулчлалын салбар мөн. Гэхдээ аялал жуулчлалыг зөв оновчтой бодлого, төлөвлөлт, зохицуулалтаар удирдан хөгжүүлэхгүй бол, энэ нь тухайн улс орны байгаль экологи, нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд нилээдгүй сөрөг үр дагавар авч ирдэг болохыг аялал жуулчлалын хөгжлийн дэлхий дахины түүхэн сургамж бэлхнээ  харуулж байна. 
Экологийн эмзэг орчинтой, байгалийн нөхөн сэргэх чадвар сул Монгол орны тухайд аялал жуулчлалын ихээхэн оновчтой бодлого, төлөвлөлт, зохицуулалтыг хийх шаардлага зүй ёсоор дэвшигдэж байгаа билээ. Бодлого зохицуулалтын гол нь байгаль экологид хор уршиг багатай, үндэсний оршин тогтнолд эерэг нөлөөтэй, эдийн засгийн өндөр үр ашигтай аялал жуулчлалын төрөл чиглэл, арга технологийг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Тийм аялал жуулчлалын төрөл бол өдгөө  идэвхитэй хөгжих хандлагатай байгаа cultural tourism буюу соёлын аялал жуулчлал юм. “Соёлын аялал жуулчлал” хэмээх нэр томъёо аялал жуулчлалын хөгжлийн нилээд хожуу үе болох 1970-аад оноос аялал жуулчлалын онол арга зүйн судалгааны бүтээлүүдэд бичигдэх болсноор нийтийн хүртээл болсон. “Соёлын аялал жуулчлал”  нэр томъёо “аялал жуулчлалын үйлдвэрлэл” хэмээх ойлголтын хүрээнд аялал жуулчлалын нөөц, бүтээгдэхүүн, технологи зэрэг нэр томъёонуудтай хамт үүссэн гэдэг. 1980-аад оноос америкийн мэргэжилтнүүд соёлын аялал жуулчлал хэмээх ойлголтыг heritage tourism буюу өвийн аялал жуулчлал гэсэн нэрээр түүх соёлын өвийг бодит амьдрал дээр харж танилцах, дурсгалт газруудаар аялах гэсэн арай өөр утгаар хэрэглэж байв.
Нийгмийн амьдрал даяарчлагдаж, аялал жуулчлал эрчимтэй хөгжихийн хэрээр жуулчлалаас байгаль, нийгэм, түүх, соёлын өвийн газруудад учруулж буй эерэг болон сөрөг үр дагавар ихсэх болсонтой уялдаж аялалын арга технологиор нь түүнийг соёлтой, соёлгүй “зэрлэг” /дикий/ аялал хэмээн үзэх хандлага буй болжээ. Зөвхөн аж үйлдвэрлэлийн хүрээнд яригддаг байсан “технологи” хэмээх ойлголт сүүлийн үед оюуны үйлдвэрлэлийн хүрээг ч бас хамрах болж, боловсролын, улс төрийн, харилцаа мэдээллийн технологи гэх зэрэг нийгэм хүмүүнлигийн технологид соёлын аялал жуулчлалыг аялал жуулчлалын үйл ажиллагааны технологи болох үүднээс авч үзэх шинэ хандлага ч бас байна.
1976 оны Брюсельд болсон олон улсын бага хурлаар “Соёлын аялал жуулчлалын тунхаг бичиг”-ийг, 1999 оны10-р сард Мехикод болсон ICOMOS (түүх соёлын дурсгалт газруудын олон улсын зөвлөл)-ын XII чуулганаар “Олон Улсын Соёлын Аялал жуулчлал”-ын тунхагийг тус тус хэлэлцэж баталсан. Эдгээр баримт бичигийн үндсэн агуулга нь “аялал жуулчлалын гол нөөц болох соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах үүднээс соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай асуудлууд байв. Язгуур соёлын нөөц   хомсдож, өвийн хадгалалт хамгаалалт муудаж, хадгалан тээгчид нь жилээс жилд цөөрч, үндэсний соёлын өвөрмөц өв санг дэлхийн олон нийтэд үзүүлэн таниулах хэрэгцээ улам нэмэгдэж байгаа өнөө үед соёлын солилцооны гол хөтлөх хүч нь дотоодын болон олон улсын соёлын аялал жуулчлал болж байна.
Соёлын аялал жуулчлалын онцлог нь дараах үндсэн зарчмуудаар тодорхойлогдоно.Үүнд:
- Дотоодын болоод олон улсын аялал жуулчлал нь соёлын солилцооны зарчимд тулгуурлах
- Байгалийн болон соёлын өвийн газрууд, аялал жуулчлал хоёр өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй хөгжих
- Өвийн газруудаар аялах жуулчлалын төлөвлөлт нь жуулчдын эрэлт, таашаалыг буй болгох үндсэд тулгуурлан хийгдсэн байх
            - Аялал жуулчлалын төлөвлөлтөд орон нутгийн хүн амын онцлогийг тодорхой тусгасан байх
 - Соёлын аялал жуулчлал орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөхөд чиглэгдэх
- Аялал жуулчлалын хөтөлбөр байгалийн болон соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг бэхжүүлэхэд чиглэгдэх” (http://www.icomos.org/tourism/charter.html) зэрэг болно.
             Балтийн орнуудын соёлын аялал жуулчлалын бодлогын бичигт соёлын аялал жуулчлал гэдгийг байгаль, түүх, соёл урлаг, үндэстний амьдралын хэв маяг, үнэт зүйл, үнэлэмж, уламжлал төдийгүй соёл хоорондын харилцаа, солилцооны бүтээлч үйл ажиллагааны олон арга замыг өөртөө багтаасан өөр соёлын орчинтой биечлэн танилцах (бусдын соёлыг өөрийн бие, сэтгэлээр мэдэрч, судлах) аялал хэмээн тодорхойлсон байна. (http://www.unesco.ee/bct)
Соёлын аялал жуулчлалыг зөвхөн байгалийн болон соёлын нөөц баялагийг үзэж сонирхох төдийхнөөр хязгаарлах бус, тэдгээрийг хүлээн авч мэдэх, мэдрэх, түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах, аялал жуулчлалыг орчин үеийн дэлхий нийтийн стандартад нийцүүлэн зохион байгуулах үйл ажиллагааны арга технологийг багтаасан аялал жуулчлалын  үйлдвэрлэл гэдэг өргөн утгаар ойлгох хандлагатай байна. Ерөөс үндэсний соёлын өвөрмөц байдлыг аялал жуулчлалын нөөц болгон ашиглаж, түүнийг арилжааны үндсэн зорилгоо болгох арга замыг эрэлхийлэх ялдамд жуулчин болгоныг соёл судлаач, соёлын өвөрмөцийг нээгч болгон төлөвшүүлэхэд соёлын аялал жуулчлалын үндсэн зорилго оршино.

No comments:

Post a Comment