Tuesday, March 1, 2016

Соёлын дархлаа



Оршил
Аливаа бие махбод оршин тогтноход дархлаа тогтолцоо нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тухай Ф.Бернет анх удаа томъёолон, түүний ач холбогдлыг үнэлж, дархлаа- хяналтын үзэл баримтлалыг тодорхойлсон байна. Эрүүл мэнд, бие мах бодийн талаасаа дархлаа гэдэг нь төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг эсэргүүцэх чадвар бөгөөд дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт юм. Элдэв нянгийн халдвараас хамгаалах хүний биеийн төрөлх чанарыг дархлаа гэж нэрлэдэг.  
Тэгвэл улс үндэстэний соёлын дархлааны асуудлыг дээрх ойлголттой адилтган үзэх нь даярчлалын эрин үед чухал асуудал болж байна.  Хүний дархлааны тогтолцоо гэдэгт  хүн төрөлхтөний соёлын дархлааг багтаан  хэлж байна хэмээн ойлгож болно.[1] Соёлын дархлаа хэмээх ойлголт үүсэх шалтгаан бол даяаршил хийгээд соёлын ижилсэх үйл явц юм. Хүн төрөлхтөн даяарчлагдаж, зарим талаараа соёл хоорондын харилцаанд орж соёлын олон төрлийн үзэгдлүүд явагдаж бие биесээсээ суралцан хөгжиж буй нь сайшаалтай боловч үндэсний үнэт зүйлс, угсаатны өвөрмөц соёлын илрэлүүдээ алдаж гээх нь сөрөг үр дагавар болж байна.
Соёлын ижилсэл ба соёлын дархлаа
Identity буюу “Ижилсэл”, “өөриймшил” хэмээх ойлголт нь угсаатан судлал, соёл судлал, сэтгэл судлал, антропологийн шинжлэх ухаанаар судлагдах бөгөөд энэ нь хамгийн өргөн утгаараа хүрээлэн буй орчинг чөлөөтэй баримжаалах, нийгэм-соёлын орон зайд өөрийн байр сууриа тодорхойлох боломж олгодог, аль нэг бүлэгт хүн өөрийгөө хамаатуулан ойлгохыг хэлнэ. Янз бүрийн соёл, улс орнуудын хоорондын харилцаа өргөжих тусам соёлын өвөрмөц байдал аажмаар уусаж үгүй болоход хүргэдэг. Энэ нь ялангуяа залуучуудын соёлд тод харагддаг.
Соёлын ижилслийн мөн чанар нь тухайн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын шинжүүдийн үүднээс өөрийнхөө “би”-г ойлгох үнэлэмжийн чиг баримжаа, хэл, зан байдлын  загвар, хэм хэмжээг ухамсартайгаар эзэмших, өөрийгөө тухайн нийгэм дэх соёлын дүр загваруудтай ижилсүүлэх явдал юм.
Орчин үежих модернизацийн их түрэлтээр соёлоо даган дэлхийн бодлого дахин шинэчлэгдэж байна. Ижил соёлтой улс түмнүүд нэгдэн нягтарч, ондоо соёлтой хэсэг нь бие биеэсээ зааглан холдсоор байна. Дэлхийн улс төрийн газрын зураг дээрхи хил эдүгээ шинээр соёл, угсаатан, шашны болон иргэншил хоорондын хил болон хувьсав.[2]
Үндэсний ижилсэл нь дан ганц цул байдлаар оршдоггүй. Энэ нь хүмүүс, хамт олны туршлага, ой санамж, дурсамж, улмаар хүйс, нийгмийн анги давхарга, арьс өнгө, шашныг хамарсан өргөн хүрээний ойлголт юм. [3]
Үүнтэй төстэй нэг ойлголт нь соёлын харилцан үйлчлэл юм. Соёлын солилцоо, харилцан үйлчлэлийн олон хэлбэр нь зуу зуун жилийн туршид аялал жуулчлал, худалдаа, халдлага, төрөл бүрийн мэдээллийг нэгээс нөгөөд орчуулах арга замаар дамжуулж иржээ. Хүн төрөлхтөний олон талт өвийн үндэс болсон соёлын харилцан үйлчлэлийн гурван үндсэн хэлбэр буй. Үүнд: Соёлыг хуулбарлан дуурайх, соёлын солилцоо, соёлыг тулган хүлээлгэх болно. [4]
Соёлыг хуулбарлан дуурайх гэдэг нь нэг хэсэг хүн амын соёлын амьдрал нөгөө хэсгийнхтэй адилсан, өмнөх соёлын дадал хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн юм.[5] Энэ үйлчлэл нь мэдээж орчин үеийн зарим соёлын төрөл, урлагийн төрлүүдэд хүчтэй нөлөөлж үр дүн авчирдаг ч үндэсний соёлд сөргөөр нөлөөлдөг сэтгэлгээ юм.  Соёлын солилцоо нь хөрш орон, харилцан хамааралтай өөр бусад соёлоос ихээхэн шалтгаалан өргөждөг. Соёлын солилцоо нь нийгэм, хамт олны үйл хэргийн олон салбарын хөгжлийг хангадаг, хүн төрөлхтөний амжилтын гол үндэс суурь болж, аль нэг тусгаар соёл иргэншлийн ганцаар ноёлох тэмүүллийг сааруулдаг онцлогтой. Дайн, байлдан дагуулалтаар харийн соёлыг тулган хүлээлгэх хандлага зуун, зуунд байсаар ирсэн нь соёлын харилцан үйлчлэлийн нэг хэлбэр мөн.[6] Эдгээр соёлын харилцан үйлчлэл бий болох нөхцөл үүсэхэд соёлын дархлаа хариу үйлдэл үзүүлдэг. Үүнд:
-          Солилцооноос зайлсхийх
-          Солилцоог эсэргүүцэх
-          Солилцоог хүлцэн тэвчих
-          Солилцоог хүлээн зөвшөөрөх[7]
Соёлын олон төрөл зүйлд соёлын харилцан үйлчлэл, ижилсэл явагддаг боловч тэр бүрд соёлын дархлаа хариу үйлдэл үзүүлж, хүлээн зөвшөөрч ижилсэх буюу солилцох, эс хүлээн зөвшөөрч өөрийн хэлбэрээ хадгалан үлдэх үйл ажиллагаа явуулдаг байна.  
Дархлалын систем нь хувьсан өөрчлөгдөж, нийгмийн нөхцөл байдалд тохирон ажилладаг. Тиймдээ ч шинэчлэгдэж буй нийгэмд тохирон, уламжлалаа сайтар хадгалах нь соёлын дархлааны гол үүрэг юм. 
Соёлын сэргэлт Азиар түгэж байна. “Өөртөө итгэх итгэл нь сэргэснээр өрнө ба Америкаас орж ирсэн болгоныг дээдлэхээ больсон. Азийн эдийн засгийн өсөлт үүнд ихээхэн түлхэц өгч, уугуул соёлын онцлогоо дээдлэхийн сацуу Азийн гэх ерөнхий нийтлэг өвөрмөц онцлогоо өрнийнхөөс илүүтэй ялгаж үзэх болжээ” хэмээн элчин сайд Томми Кох 1993 онд бичиж байв.[8] Эндээс харахад Ази хөгжингүй орнууд өөрсдийн соёлыг хадгалан авч үлдэх талаар одоогоос 20 гаруй жилийн өмнө өөрсдийн бодлоготой, соёлын дархлаатай болсон байна.
            Соёлын дархлааны үзэл баримтлалыг боловсруулахад  эрүүл мэндийн дархлааны тогтолцоотой адилгүй байх нь ойлгомжтой юм. Гэвч "соёлын дархлааны систем" нь  нийгэм, соёлын амьдралд зайлшгүй өөрийн өнгөтэйгөөр оршин  байна.  Хүн төрөлхтөний дархлааны систем нь нийгэм, соёлын амьдралд суурилагдсан байна. Тиймээс нийгэм соёлын орчин дахь дархлааны тогтолцоог бие мах бодийн дархлааны орчинтой адилтган авч үзэх шаардлагатай юм.[9]
/үргэлжлэл бий/

[2] Самуель П.Хантингтон “Иргэншил хоорондын мөргөлдөөн, Шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам” . УБ., 2005., 127 дахь тал
[3] ЮНЕСКО-гийн Дэлхий дахины тайлан илтгэл “Соёлын төрөл зүйл соёл хоорондын харилцааг тэтгэхүй” Люксенбург., 2009., 20 дахь тал
[4] Мөн тэнд
[5] Мөн тэнд
[6] Мөн тэнд
[7] Raj Kumar BhattaraiCultural configuration and immunity to change
[8] Самуель П.Хантингтон “Иргэншил хоорондын мөргөлдөөн, Шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам” . УБ., 2005., 105 дахь тал
[9] James M.Wilce Jr  Social and cultural lives of immune systems in a semiotic universe